
Туркийн Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоганы гэргий Эмине Эрдоган АНУ-ын тэргүүн хатагтай Мелания Трампад захидал илгээжээ. Тэрээр Мелания Трамп ОХУ руу албадан гаргасан Украин хүүхдүүдийн асуудлаар ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинд захидал бичсэн явдлаас урам зориг авснаа илэрхийлж, Америкийн тэргүүн хатагтайгаас Израилын Ерөнхий сайд Беньямин Нетаньяхутай холбогдож, Газын зурваст байгаа хүүхдүүдэд тулгараад буй асуудлуудыг хөндөхийг хүсжээ.
Палестигы Эрүүл мэндийн яамнаас мндээлснээр энэ сарын 22-ны байдлаар Газын зурваст шим тэжээлийн хурц дутагдлын улмаас 273 хүн амь үрэгдсэний 112 нь хүүхдүүд байгаа аж.
Эмине Эрдоган АНУ-ын тэргүүн хатагтайд бичсэн захидалдаа түүнийг украин хүүхдүүдэд санаа зовниж байгаагийн адил Газын зурваст байгаа хүүхдүүдэд ч гэсэн сэтгэл зовниж байгаа гэж найдаж буйгаа илэрхийлэн, дэлхий даяараа Газын зурваст үүссэн нөхцөл байдлыг ойлгон ухаарч, Палестин улсыг хүлээн зөвшөөрч эхэлж байгаа энэ үед Газын зурвасын төлөө хийсэн үйлдэл, хэлсэн үг болгон нь түүхэнд үлдэх болно гэжээ.
Өнгөрсөн баасан гарагт Хүнсний аюулгүй байдлын шатлалын цогц ангилал буюу IPC ангилал Газын зурвасын хамгийн том хот болох Газа хотын хүн ам өлсгөлөнд нэрвэгдсэнийг албан ёсоор зарласан юм. НҮБ болон хүний эрхийн төлөөх байгууллагууд Израилын зэвсэгт хүчин Газын зурвас руу оруулах хүмүүнлэгийн тусламжийг хязгаарлаж, цэргийн ажиллагаагаа үргэлжлүүлсээр байгаа нь Газын зурвасын хүн ам тэр дундаа хүүхдүүд өлсгөлөнд нэрвэгдэх нөхцөлийг бүрдүүлж байгааг анхааруулаад байгаа билээ.
Эх сурвалж: Reuters






