
Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун ОХУ-Украины дайнд Оросын талд тулалдаж байгаад эх орондоо эргэн ирсэн цэргүүдийг хүлээн авч, уулзсан байна. Ингэхдээ тэрээр ОХУ-ын Курск мужийг Украины зэвсэгт хүчнээс эргүүлэн авах ажиллагааны үеэр Хойд Солонгосын цэргүүд баатарлагаар тулалдсан болохыг онцолжээ.
Ким Жон Ун гадны улсад алба хааж байгаад амиа алдсан цэргүүдийн дурсгалд зориулсан хөшөөнд цэцэг өргөж, эх орондоо эргэн ирсэн цэргүүд болон амиа алдсан цэргүүдийн ар гэрийнхэнд зориулж концерт болон хүндэтгэлийн цайллагыг зохион байгуулжээ.
Түүнчлэн өнгөрсөн 7 хоногт ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Солонгосын хойг Японы колоничлолоос чөлөөлөгдсөний 80 жилийн ойн баярын мэндийг Ким Жон Унд утсаар хүргэхийн зэрэгцээ Курск мужийг чөлөөлөх ажиллагаанд Хойд Солонгосын цэргүүдийн оруулсан хувь нэмрийг өндрөөр үнэлж буйгаа илэрхийлсэн байна.
Өнгөрсөн жил хоёр орны төрийн тэргүүнүүд батлан хамгаалахын салбарт хамтарч ажиллах гэрээ хийж, энэ оны 4-р сард Пхеньян ОХУ-д цэргүүдээ илгээснээ албан ёсоор мэдэгдсэн билээ.
БНСУ болон барууны тагнуулын албадын мэдээгээр Пхеньян 2024 онд ОХУ-ын Курск муж руу 10 мянга гаруй цэргээ, их бууны сум болон пуужингуудын хамт илгээсэн ба Өмнөд Солонгосын эрх баригчдын мэдээлснээр Курск мужид Хойд Солонгосын 600 орчим цэрэг тулааны явцад амиа алджээ.
Эх сурвалж: The Guardian






