
Вьетнам улсын Да Нанг хотод IMC олон улсын бага, дунд ангийн математикийн олимпиад 8-р сарын 14–19-нд зохион байгуулагдаж өндөрлөлөө. Уг олимпиадад Хятад, Энэтхэг, Америк, Канад, Сингапур зэрэг 31 улсын 500 гаруй сурагч оюун ухааны хүч чадлаа сорин өрсөлджээ.
Энэ жилийн хувьд Монгол Улсын багийг Ч.Сугардорж багш ахлан оролцсон бөгөөд, багийн сонгон шалгаруулалт болон нэгдсэн бэлтгэлийг Ч.Сугардорж, Э.Эрдэнэбилэг багш нар хариуцан өндөр түвшинд зохион байгуулсан байна.
Монголын шигшээ баг энэ жил 32 сурагч, 8 багийн бүрэлдэхүүнтэй оролцож, ганцаарчилсан төрөлд 21 медаль, 11 тусгай байр, багийн төрөлд хоёр баг аварга болж алтан цом авсан бол бусад бүх багууд нь цом хүртжээ. Мөн тэмцээний үеэр явагддаг “Puzzle”-ийн тэмцээнээс нэг баг цом авсан байна. Ийнхүү Монголын шигшээ баг амжилтаа ахиулж, багийн хэд хэдэн амжилтыг шинэчилсэн юм.





Монгол Улс 2009 оноос эхлэн IMC-д оролцож эхэлсэн түүхтэй. IMC нь 1999 оноос эхлэн зохион байгуулагдсан олимпиад бөгөөд таван тивийн бага, дунд ангийн сурагчид тоо бодож уралддаг энэ төрөлдөө хамгийн том олимпиад юм. Энэхүү нэр хүндтэй тэмцээнд улсаа төлөөлөн оролцсон багш, сурагчдадаа цаашдын сурлага хөдөлмөрт нь өндөр амжилт хүсье.








