
Д. Трампын засаг захиргаа АНУ-ын виз эзэмшигч 55 сая гаруй иргэнийг АНУ-ын хууль журмыг зөрчсөн эсэхээр нь хянан шалгаж байгаа тухай Associated Press агентлаг мэдээлжээ.
АНУ-ын Төрийн департаментын Associated Press агентлагт мэдэгдсэнээр нь АНУ-ын засаг захиргаа АНУ-ын виз эзэмшигч гадаадын бүх иргэдийг визийн хугацаагаа хэтрүүлсэн эсэх, хууль бус үйлдэл гаргаж, гэмт хэрэг эсвэл терроризмтой холбогдсон эсэхийг тогтмол шалгаж байгаа аж.
АНУ-ын виз эзэмшигч бүрийг, үүнд бас аяллын виз эзэмшигчдийг хүртэл дээрх байдлаар тогтмол хянан шалгаж байгаа нь Ерөнхийлөгч Д. Трампын засаг захиргааны хэрэгжүүлж буй цагаачлалын бодлоготой холбоотой аж.
АНУ-ын Дотоодын аюулгүй байдлын департаментын мэдээлснээр 2024 оны байдлаар АНУ-д олон үндэстний цагаачлалын виз буюу ногоон карттай 12.8 сая иргэн, цагаачлалын бус визтэй 3.6 сая иргэн оршин сууж байгаа аж.
Хэрэв виз эзэмшигч нь АНУ-ын хууль журмыг зөрчсөн нь тогтоогдвол визийг нь цуцалж, зөрчил гаргасан иргэн нь Америкийн нутаг дэвсгэрт байгаа бол АНУ-аас албадан гаргах арга хэмжээ авах аж.
2025 оны 1-р сард Доналд Трамп АНУ-ын Ерөнхийлөгч болсноос хойш АНУ-ын Төрийн департамент өмнөх оны мөн үеийнхээс 2 дахин их визийг цуцалжээ. Түүнчлэн АНУ-ын эрх баригчдын цуцалсан оюутны визийн тоо өмнөх оныхоос 4 дахин их үзүүлэлттэй гарчээ.
Өнгөрсөн даваа гарагт хийсэн мэдэгдэлдээ АНУ-ын Төрийн департамент визний хугацаагаа хэтрүүлсэн эсвэл хууль зөрчсөн гадаад оюутнуудын 6000 гаруй визийг цуцалсан гэдгээ мэдэгдсэн юм. Хууль зөрчсөн гэх шалтгаанаар оюутны виз нь цуцлагдсан гадаад оюутнуудын дийлэнх нь танхайрах, согтуугаар жолоо барих, хулгай дээрмийн болон терроризмыг дэмжсэн хэрэгт холбогдсон байжээ.
Түүнчлэн АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Марко Рубио өнгөрсөн пүрэв гарагт өөрийн нийгмийн сүлжээнд АНУ-ын засаг захиргаа бараа бүтээгдэхүүн тээвэрлэдэг том ачааны машины жолооч нарт АНУ-д түр хугацаагаар хөдөлмөр эрхлэх виз олгохоо зогсоож буй тухай мэдэгдсэн байна.
Эх сурвалж: AP News






