
“Марзан” хэмээх Б.Шаравын “Үрс гарч байгаа нь” гэх нэртэй (1869-1939) оны үед зурсан ийм нэгэн зураг Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейд хадгалагдаж буй.
Дурдсаны учир гэвээс эл зургийн өгүүлэмж болох Үрс гаргах ёс үгүй болж буй тухай л ярих гэсэн юм. Хүний нутагт аж төрж ахуйд их л юм бодогддог юм байна. Долоон настай байхад аав нэг ерөөл цээжлүүлээд “Манай нутагт гүүний үрсний ерөөл унших хүн олдохоо байлаа. Өөрийн юм гээд энэ муу Умаахандаа л зодох шахам цээжлүүллээ. Уг нь энэ ёсыг мартаж болохгүй л юм сан даа” гэж билээ.
Тэр үгийн утгыг тухайн үедээ ер ухаж ойлгосонгүй. Харин өнөө солонгосын суудлын бүсний үйлдвэрт ажиллаж явахдаа л ойлгох шив. Сул цаг ихтэй хэрхэн цаг нөхцөөх вэ хэмээн сууж байтал нөгөө багад цээжлүүлсэн ерөөл аманд ороод ирлээ. Бараг л өдөржин чанга чимээтэй тоног төхөөрөмжийн хажууд уншсан байх аа. Хэрэв эс тэгээгүй бол хөндлөнгөөс харсан хүн энэ галзуурчхаж гээд солонгосынхоо шар хадны эмнэлгийг дуудаад өгчих ч байсан юм бил үү хэн мэдлээ.
Гүүний үрс гаргах ёс нь XIII зууны үеэс эхлэлтэй л гэж ярилцдаг. Гэвч “Нууц товчоо”-нд энэ тухай дурдагддаггүй санагдана. Яг одоо надад гаргаж ирээд унших судлах ном товхимол алга. Харин хожим судалж шинжилж судалгааны бүтээл болгоно доо гэсэн зорилгынхоо эхлэл болгож үүнийг бичиж сууна.
Монголд байхдаа баруун, зүүн гээд бараг л бүх аймгуудаар найз нөхдөө дагаж аль эсвэл ажил төрөл хийн явж үзлээ. Ингэхэд адууны соёл хамгийн ихтэй гэгдэх зүүн аймгууд үрс гаргах нь бүү хэл унагаа уяж номхруулахаа ч байсныг анзаарсан. Айл амьтнаас нь сураглан явж ахуйд 30,40 гаруй насны хүмүүсийн яриагаар “намайг багад л үрс хийдэг байсан. Одоо хийдэг айл бараг байхгүй” гэсэн. Харин хангайн аймгуудтай ярих ч юм биш. Шууд л унагаа уяад айргаа худалдаж эхэлнэ. “Үрс мүрс ч гэнэ үү тэр нь юу юм” гэж асуух жишээний.
Тэр тусмаа Улаанбаатартай ойр айл өрхүүд айргаа устай хольж зарахдаа хүртэл тулсан гэдгийг хэн хүнгүй л мэднэ.
Яг үрс хийдэг газар гэвэл Дундговийн баруун сумд болох Эрдэнэдалай, Сайхан-Овоо, Дэлгэрхангай цаашлаад Өвөрхангайн урд талын ганц нэг сумд л айл өрхүүд нь алдаг оног хийдэг юм билээ.
Үрс гаргах тухайд гэвэл айл өрхүүд бар өдөр өөрийн өмчийн адуугаа хумин ирж унагаа барина. Ингэхдээ ойр хавийн аль л ид чадалтай эрсийг дуудан авчирж усан хангал унага, гүүнүүдээ номхотгож авна шүү дээ. Айлын эхнэрүүд тийм догшин гүүг агар хувин бариад л сааж суух ч бахдалтай. Адуунаасаа зугтаж гарсан байдсан гүүг азарга нь хүзүү тавин хөөж ирэхийг харах ч бас л эр хүний үзэх, харах зүйлсийн нэг мөнөөсөө мөн.
Гүүгээ гурав саасны ар дээр зэлнийхээ эхэнд томоос том цагаан эсгий дэвсэж идээ будааны дээж, ирэг хониныхоо шүүсийг ах дүү төрөл төрөгсдөөрөө сууж байгаад хуваан хүртэнэ. Ингэхдээ ч бас их учиртай. Хадаг уясан ууган унагандаа эхийнх нь цагаан сүүний дээж, “хазаар”, “монгол” зэрэг ургамлын дээжийг өгнө. Найман шарга, цайвар зүсмийн морьтой залуучууд агар хувин дүүрэн саамыг уурганы голд тэгнүүлээд сацал өргөнө. Ингэхдээ “цэгээнд цад, цэгээнд цад” хэмээн чанга дуугаар хэлж зэл, адуун сургийг гурав тойрно.
Ингэсэн дараа ерөөлч ерөөл магтаал хэлж хониныхоо шүүсийг хүн бүрт тэгш хүртээнэ.
Хүүхдүүдэд хувь хүртээж мөн баярлуулдаг ёс заншилтай. Гэтэл сүүлийн жилүүдэд зарим үг хэллэг, үйлдэх хэв маяг ч орчин үеэ даган өөрчлөгдсөн гэдгийг нэгэн ахмад настан надад хэлж байсан удаатай. Жишээ нь “цэгээнд цад” гэдэг “цөөн цөд” гэх үг болж хувирсан байж болзошгүй. Найман шарга, цэгээн зүсмийн адуу нэг айлд байх нь ховор болсноос төдийлөн ач холбогдол өгдөггүй. Цаашлаад морь унахаа байсан энэ үед айлд толгой морьд гэж байхгүй болсон учир явган сацал өргөх ч болсон талаар ярьж хэлж байлаа. “Үрс гаргах ёс гэдэг чинь Чингис хааны үеэс эхлэлтэй гэж хуучны учир мэдэх хүмүүс ярьдаг юм. Одоо гэтэл энэ үгүй болж байна. Чи сайн анзаарч харвал найман шарга морь, сацал өргөх зэргээс авхуулаад хэв шинжийн хувьд тийм байх магадлалтай. Морин туурайгаар дэлхийг эзлэхдээ айраг цагаагаа боловсруулах, түүнээ ууж олон хоног хоол идэлгүй явж чаддаг байсан улс энэ зэргийн ёс заншилтай байж мэднэ шүү. Гэтэл энэ маань устаж үгүй болж буйд л сэтгэл их тавгүйрхдэг” гэж ярьж байсан удаатай.
Харин ерөөлийн тухайд 1983 онд хэвлүүлсэн “Монгол ардын ерөөл, магтаал, зугаа үг – үгэн тоглоом” номоос надад үүнийг авчирж цээжлүүлсэн байгаа юм.
Зээ
Хөх мөнгөн тэнгэрийн агаараас
Хөшиглөн татсан
Хөх бараан үүлэнд нь
Гал мэт цахилгаан гарч
Гайхамшигт хур бууж
Гадсан солонго татаж
Арван өнгийн цэцэг
Алаглан дэлгэрч
Ачтай сүрэг нь идээшилжээ.
Зээ
Хол сайхан зэлээ
Хойгуураа татаж
Урт сайхан зэлээ
Урдуураа татаж
Хөндийгөөр дүүрэн
Хөх алаг адуугаа цуглуулж
Уургын уртыг барьж
Хуйвны цээлийг уяж
Хуй салхи шиг
Хурдан морио барьж
Хулан, тахь болсон
Унагаа уургалж
Далан хүн
Дарж ногтлоод
Наян хүн
Найрлан чагтлаад
Нарийн гурамсан зэлээ
Начин заанаараа чангаруулж
Урт сайхан гадсаа
Уран заншилтай мунаараа түгжүүлж
Уясан унага юм биз ээ.
Зэллэсэн унага чинь
Зээр гөрөөснөөс олон
Ногтолсон унага чинь
Ногтруу шувуунаас олон
Эхийнхээ дэргэд,
Энтэй цагаан
Эсгийгээ дэвсэж
Элдэв зүйлийн
Идээ ундаагаа
Эгнүүлэн тавьж
Ажнай цагаан хүлгийнхээ цэгээг
Алтан мөнгөн цагаригтай
Агар зандан агруундаа
Амсар тэгш дүүргээд
Арван зүгт нь сацал болгон өргөж
Адуун сүргийнхээ баярыг ёсолж бүхийд
Аавынхаа буянд арвин сайхан
Ээжийнхээ буянд элбэг сайхан
Юу санасан есөн хүсэл
Алдар нэр арван цагаан буян нь
Сүн далай мэт өргөн дэлгэрч
Бадран тунарч байхын
Бэлэгтэй ерөөлийг нийтийн дунд
Машид дэвшүүлэн айлтгая.
Энэ зөвхөн миний цээжинд явдаг ерөөл болохоос бусад ном товхимол, нутаг нутагт өөр өөрөөр уншдаг юм билээ. Цаг үеэ дагаад хэв шинж мөн доторх үгсийг өөрчилсөн нь ч ажиглагдсан. Цэцэн цэлмэг хүмүүс нь “Гүү барихын ерөөл” гэж нэрийдэн өөр өөрсдийнхөө хэв донжид оруулан зохиож уншсан байгаа юм. Мөн социализмын үед л гэхэд нэр томъёо дунд нь оруулж “тэр нэгдлийн тэргүүний малчин тэднийх болбоос” гэх маягтай болж өөрчилсөн нь ч бий.
Энэ мэтчилэн устаж алга болоход бэлхэн болсон соёлын биет болон биет бус өвүүд, ардын аман зохиолын зүйлс олон бий. Бид шинэ эрин зуун, шинэ техник технологийн хөгжил, шинэ шинэ гэх тодотгол руу тэмүүлэх тусмаа л өөрийнхөө хамгийн үнэтэй зүйлсээ гээдэг ч юм шиг санагдах болсноор ийнхүү эмзэглэж суугаа ч байж болох. Хүн мөнх биш. Юу ч тохиолдож болно. Тиймээс эмзэглэсэн энэ зүйлээ ийнхүү тэмдэглэн үлдээх нь зөв л гэж бодох болжээ. Ямартай ч боломж бололцоо таарвал дахин сэргээх, таниулах, судлах ажилд заавал гараа сунгах болно.
Энэ зүйлсийг авч хадгалж үлдсэнээрээ л бид монгол хүн хэвээрээ үлдэх юм шиг санагдах юм. Нөгөөтэйгүүр гадна дотнын аялагчид байдаг л нэг үйлдвэржилт, техник технологийн хөгжлийг харахаас илүүтэйгээр бидний өдийг хүртэл авч үлдсэн ямаа цийглэх, ингэ хөөслөх, эсгий хийх, хонь тойглох, үрс гаргах гэх мэт энэ ахуй соёлд л татагдаж, сонирхож нааш ирнэ. Үүгээр л бид тэдний анхаарлыг татаж аялал жуулчлалын бүс нутаг болох боломжтой ч байж мэднэ шүү дээ.
Аа нээрээ бичвэр бүрийнхээ төгсгөлд л нэг юм мартчих шахаад нэмэх юм. Ардын багш С.Дулам гуайн лекцэн дээр сууж байтал “Миний хүүхдүүд -Хадны зураг таарвал заавал тайлах гэж оролдоорой. Зургийг нь авч байгаарай
-Өвгөдийн яриаг хөгшин гэж гололгүй сонсоорой
-Түүх соёлтой холбоотой ямар ч цаасыг хадгалаарай” гэж хэлж байсан удаатай. Тэр үгийг сонссон дараа үрс гаргах ёсны талаар Дундговь аймгийн Сайхан-Овоо сумын н.Банзрагч гэх өвөө дээрх зүйлсийг ярьсныг тэмдэглэж авсан нь энэ байсан юм шүү.
Х.УМААХАН






