
Монгол Улсын Соёл, Спорт, Аялал жуулчлал, Залуучуудын Яам, Бүгд Найрамдах Солонгос Улсын Соёл, спорт, аялал жуулчлалын яамны харьяа Үндэсний Ази Соёлын Төв (ACC)-ийн хамтын ажиллагааны хүрээнд Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, Д.Нацагдоржийн шагналт, хүүхдийн зохиолч Оюунбадамын Сундуй, БНСУ-ын зураач Ли Ерин нарын хамтран бүтээсэн “Хадны зургийн ертөнцөөр аялсан нь” зурагт ном солонгос хэлээр хэвлэгдэж, нийтийн хүртээл болжээ.
Тус ном нь БНСУ-ын Үндэсний Ази Соёлын Төв (ACC)-ийн номын санд 2025 оны 07 дугаар сарын 17-ны өдөр албан ёсны нээлтээ хийсэн ба тус номыг бичсэн хүүхдийн зохиолч О.Сундуй, номын зураач БНСУ-ын зураач Ли Ерин нар хүүхэд залуучуудад ном хэрхэн бүтсэн талаарх сонирхолтой ярилцлагыг Монгол Улсын Үндэсний номын сангийн “Гэр бүлийн танхим”-д (2025.08.21)-д зохион байгуулна.
Түүнчлэн тус номын агуулгаар Чингис хаан Үндэсний музейд дижитал интерактив проекц байрлуулсан ба хүүхдүүд өөрсдийн гараар хадны зураг зурж, сканердуулснаар тэдний зурсан дүрүүд интерактив проекц дээр хөдөлгөөнтэй болж гарч ирдэг ба түүнийг шууд дэлгэц дээр амилуулан харж, үлгэр туульсын ертөнцөд нэвтрэн орж, гайхалтай аяллыг өөрийн бие , билиг оюунаар мэдрэх боломжтой юм.
Өөрсдийн танин мэдэрсэн зүйлээ зурж, үлгэр туульсын ертөнцөөр аялах хүсэл сонирхолтой хүүхэд багачууд та бүхнийг 08 дугаар сарын 21-нээс 09 дүгээр сарын 04-ний өдрүүдэд Чингис хаан Үндэсний музейн 1 давхрын үзэсгэлэнгийн танхимд байрлах “Хадны зургийн ертөнцөөр аялсан нь” соёлын боловсролын хөтөлбөрт хамрагдахыг хүсье






