
Дэлхийн 2-р дайн дууссаны 80 жилийн ойн баяртай холбоотойгоор БНХАУ-ын нийслэл Бээжин хотод Ялалтын парад зохион байгуулагдах гэж байна. Парадын үеэр сөнөөгч болон бөмбөгдөгч онгоцнуудаас гадна өмнө нь олон нийтэд үзүүлж байгаагүй шинэ зэр зэвсэг, машин техникүүдийг танилцуулна гэдгийг албаны хүмүүс хэвлэлийн бага хурлын үеэр мэдэгджээ.
9-р сарын 3-нд Тяньаньмэний талбайд болох Ялалтын парад нь 70 минут үргэлжлэх ба парадад Хятадын зэвсэгт хүчний 45 анги бүрэлдэхүүний мянга мянган албан хаагчид оролцох юм.
Парадыг БНХАУ-ын Ерөнхийлөгч Си Жиньпинээс гадна өөр бусад улс орнуудын төрийн тэргүүнүүд үзэж сонирхох ба тэдгээрийн дунд ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин байх гэнэ.
2015 онд Бээжинд болсон Ялалтын парадыг дэлхийн 20 гаруй улсын төрийн тэргүүнүүд ирж үзэж байсан ба парадад Хятадын Ардын Чөлөөлөх армийн цэргүүд болон ОХУ, Монгол, Беларус, Камбож зэрэг улс орнуудын зэвсэгт хүчний албан хаагчдыг оролцуулаад 12 мянган цэрэг, 500 гаруй машин техник, байлдааны 200 онгоцны хамт жагссан юм.
Ялалтын парадын бэлтгэл ажилтай холбоотойгоор Хятадын эрх баригчид Бээжин хотын төвийн аюулгүй байдлыг чангатгаж, шалган нэвтрүүлэх цэгүүд байршуулж, тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд зохицуулалт хийж, зарим худалдааны том төвүүд болон оффисуудыг хаажээ.






