
ОХУ-Украины дайн дууссаны дараа Украинд цэргүүдээ байршуулахад бэлэн байгаагаа Европын 10 орчим улс илэрхийлжээ. Эх сурвалжуудын Bloomberg агентлаг мэдэгдсэнээр Европын улс орнууд өнгөрсөн мягмар гарагт ОХУ, Украины хооронд хийгдэх энхийн гэрээний хүрээнд Украин руу Их Британи болон Францын цэргүүдийг илгээх, Украинд байршуулах цэргүүдийн тоо, байршил зэргийг хэлэлцжээ.
Ойрын өдрүүдэд Европын эрх баригчид АНУ-ын төлөөлөгчидтэй уулзаж, ОХУ-Украины дайн дууссаны дараа Украинд үзүүлэх аюулгүй байдлын баталгааг боловсруулах, Украинд аюулгүй байдлыг хамгаалах хүчнүүдийг байршуулах асуудлуудыг хэлэлцэх аж.
Эхний ээлжинд Украины цэргийн албан хаагчдыг сургах, албан хаагчдынх нь тоог нэмэгдүүлэх байдлаар Украины армийг бэхжүүлэх ажлыг эхлүүлэх ба уг ажлыг Европын улс орнуудын зэвсэгт хүчнийхэн хариуцаж, Их Британи болон Франц улс Украин руу цэргүүдээ илгээж, байршуулахаар ярилцаж байгаа аж.
Вашингтоны зүгээс Украинтай тагнуулын мэдээллээ хуваалцаж, хилийн хяналтыг нь хариуцаж, Украинд зэр зэвсэг тэр дундаа агаарын довтолгооноос хамгаалах систем нийлүүлэх зэргээр дэмжлэг үзүүлэхээр төлөвлөжээ. ОХУ-ын эрх баригчдын хувьд Украинд НАТО-гийн цэргүүдийг байршуулахыг эрс эсэргүүцэж байгаагаа удаа дараа илэрхийлсэн юм.
Вашингтон болон Европын холбоо ОХУ-Украины дайны дараа Украины аюулгүй байдлыг хангах тухай багц төслийг энэ долоо хоногт буюу энэ сарын 24-нөөс өмнө боловсруулахаар төлөвлөжээ.






