
Суррон сурагчдын гангараа биш
Баасан гараг. 22.00 цагаас эхлэн цагдаагийн машинд суун, шөнийн Улаанбаатарт, тэр дундаа машин зам дээр юу болдгийг сурвалжилсан нь энэ. Суррон унасан хүүхдүүд машин сүлжин давхих. Цагдаагийн машин харуутлаа үргэлжилсэн цагаан шугам даван зугтаана. Ингэж яваад осол гаргавал яана. Уг нь сурроныг 18 нас хүрсэн, жолооны А үнэмлэхтэй, улсын дугаар, гэрэл дохио зэрэг техникийн бүрэн бүтэн байдлыг хангасан, хамгаалалтын малгай, хувцас хэрэгслээ бүрэн өмссөн хүн унах ёстой. Нэмээд хэлэхэд замын баруун талын эгнээгээр зорчих учиртай. Гэвч нидэр дээрээ суррон унаж “уралддаг”, сурроныг гангараа болгон хэрэглэдэг болжээ.
Хяналт, шалгалт хийж яваа Хан-Уул дүүргийн урьдчилан сэргийлэх цагдаа зохицуулагч, дэд ахлагч Д.Ган-Эрдэнэ “Суррон унасан хүүхдүүд цагдаагийн машин хараад зугтаачихдаг. Энд цагдаагаас зугтаасан ч дараагийн уулзвар дээр цагдаа байгаа. Богино долгионы станц холбоогоор зарлаад, саатуулчихна. Суррон, мопед унадаг дугуй шиг 200-300 мянга гэдэггүй. Хэдэн сая төгрөгөөр яригдана. Эрхлүүлж байгаа юм гээд жолооны үнэмлэхгүй, насанд хүрээгүй хүүхдэдээ суррон, мопед авч өгч хууль дүрэм бүү зөрчүүлээч ээ” хэмээн эцэг эхчүүдээс гуйв.
“Ах нь нэг компанийн захирал юм аа”
1789 төгрөг таны хувьд хэр их мөнгө вэ. Энэ мөнгөөр та юу авч хүрэх вэ. Нийслэлийн статистикийн газрын 2025.08.18-ны өдрийн үнийн мэдээллээс харахад гурван ширхэг өндөг эсвээс Алтан тариагийн хоёрдугаар гурил авч хүрэхээр харагдаж байна. Тэгвэл 1789 хүн гэхээр танд хэр их санагдаж байна. Энэ тоог дурдсаны учир гэвээс энэ оны эхний долоон сарын байдлаар дээр дурдагдсан хэмжээний жолооч согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож яваад зам тээврийн осол үйлджээ. Говь-Алтайн Дарви сум 1734, Жаргалан сум 1772 хүн амтай гэж 2024 оны тооллогоор тоолуулжээ. Тэгэхээр Говь-Алтайн Дарви, Жаргалан сумын хүн амтай тэнцэхүйц хэмжээний хүн согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон байна. Ослын улмаас олон хүн нас барсны дотор 39 нь хүүхэд байжээ.
Ийм жишээ татсаны учир гэвээс,
Биднийг Улаанбаатарын шөнийн гудамжинд, машин зам дээр юу болдгийг сурвалжилж явахад шөнийн 02.00 цагийн үед нэгэн цагаан машин цагдаагийн албан хаагч зогсохыг дохиход зогсохгүй, хурдаа аван давхисан юм. Цагдаагийн албан хаагчид араас нь машинтай хөдлөхөд удалгүй зогсож, дотроос нь согтуу жолооч бууж ирэв. “Ах нь нэг компанийн захирал юм аа” хэмээгээд согтуурлын зэрэг шалгах төхөөрөмж рүү үлээхгүй зөрүүдэлсээр. “Энүүхэн хооронд л явсан шдэ” хэмээн дахин тайлбар тавина. Уусан л бол та бүү жолоо барь. Зарим нь бүр жолоодох эрхгүй, эрхээ хасуулсан нь ч тэр тээврийн хэрэгсэл жолоодоод явж байдаг тухай цагдаа нар халаглан ярина. Энэ оны эхний долоон сарын байдлаар энэ төрлийн 3,272 зөрчлийг цагдаагийн байгууллагаас илрүүлсэн гэнэ.
Тэгэхээр та өөрийгөө хийгээд, өрөөлийн амьдралыг хайрлаж, согтууруулах ундаа хэрэглэсэн бол жолооны ард бүү суу.






