
Украины Ерөнхийлөгч Володимир Зеленский, АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамптай Цагаан ордонд уулзжээ. В. Зеленскийн хувьд энэ нь он гарснаас хойш Цагаан ордонд Ерөнхийлөгч Д. Трамптай хийсэн хоёр дахь уулзалт болж байна.
Өнгөрсөн 2-р сард Цагаан ордонд болсон хоёр орны төрийн тэргүүнүүдийн уулзалт бүтэлгүйтэж, төлөвлөснөөсөө эрт дууссан бол энэ удаагийн уулзалт харьцангуй нөхөрсөг уур амьсгалтай болж өнгөрөв.
Өмнөх уулзалтын үеэр Америкийн кабелийн сувгийн сэтгүүлч Украины төрийн тэргүүнийг Цагаан ордонд айлчлахдаа хослол өмсөөгүй явдлыг нь шүүмжилсэн нь олны анхаарлыг татсан билээ.
Тэгвэл В. Зеленский энэ удаад хар пиджак, хар сорочка өмссөн байсныг сэтгүүлчид төдийгүй Ерөнхийлөгч Д. Трамп онцолжээ. Сэтгүүлчидтэй уулзах үеэр хоёр орны төрийн тэргүүнүүд хоорондоо соёлтой харилцаж, тоглоом шоглоом хийж байсан нь 2-р сард болсон уулзалтын алдаагаа давтахгүйг хичээж байгаа нь илт байсан тухай The Wall Street Journal бичжээ.
Хоёр орны тэргүүнүүдийн уулзалтад Европын холбооны зөвлөлийн тэргүүн Урсула фон дер Ляйен, НАТО-гийн ерөнхий нарийн бичгийн дарга Марк Рютте, Их Британийн Ерөнхий сайд Кир Стармер, Италийн Ерөнхий сайд Жоржия Мелони, Финляндын Ерөнхийлөгч Александр Стубб нар мөн оролцжээ.
Аюулгүй байдлын баталгааны тал дээр Д. Трамп АНУ болон Европын улс орнууд Украинд их хэмжээний тусламж дэмжлэг үзүүлнэ хэмээн амласан ч үүнд Киев НАТО-д элсэх асуудал багтахгүй гэдгийг ойлгуулсан байна.
Украины Ерөнхийлөгч В. Зеленский Д. Трамптай хийсэн уулзалт үр дүнтэй бөгөөд маш ойлгомжтой болсон хэмээн мэдэгдсэн бол Д. Трамп Украин болон Европын удирдагчид зөвшилцөлд хүрч, В. Зеленский, В. Путин хоёр ойрын хугацаанд уулзах боломжийг нь бүрдүүлж өгнө гэж найдаж буйгаа илэрхийлжээ.
The Financial Times сонинд бичсэнээр уулзалтын үеэр В. Зеленский болон Европын удирдагчид талууд эхний ээлжинд галаа зогсоох гэрээ хийх шаардлагатайг дурдсан ч Д. Трамп дайныг дуусгахад талууд заавал эвлэрсэн байх шаардлагагүй гэж үзэж байгаагаа илэрхийлж, стратегийн хувьд галаа зогсоох дэглэм нь аль аль талдаа ашиггүй гэжээ.
Түүнээс гадна Ерөнхийлөгч Д. Трамп уулзалтын дундуур ОХУ-ын Ерөнхийлөгч В. Путинтай утсаар холбогдон ярилцсаныг Европын удирдагчид “эерэг дохио” гэж үзжээ. Reuters агентлагийн мэдээлснээр Д. Трамп ОХУ болон Украины төрийн тэргүүнүүдийн уулзалтад бэлтгэж эхэлсэн ба В. Путин, В. Зеленский хоёр ирэх 2 долоо хоногийн дотор уулзана гэжээ.






