
Халуун, хуурай цаг агаарын улмаас Испани улсын хэмжээнд асаж буй ой хээрийн түймрүүдийг унтраах ажил хүндэрч, Испанийн засгийн газар түймэрт өртсөн бүс нутгууд руу нэмж 500 цэргийг илгээжээ.
Баруун хойд зүгийн Галиси өөртөө засах нийгэмлэгийн нутаг дэвсгэрт гарсан ой хээрийн түймрүүдээс болж авто замыг хаах, галт тэрэгний үйлчилгээг зогсоох арга хэмжээг авчээ. Зөвхөн өнгөрсөн 7 хоногт л гэхэд Испанид ой хээрийн түймрийн улмаас 3 хүн амь үрэгдэж, 115 мянга гаруй га газар нутаг шатаад байна. Цаг уурын мэдээгээр өнгөрсөн ням гарагт Испанийн зарим нутгаар агаарын хэм цельсийн +40 хэмийг давжээ.
Ерөнхий сайд Педро Санчез халуун цаг агаар үргэлжлэх төлөвтэй байгааг онцолж, ой хээрийн түймрүүдийг унтраах ажилд дайчлагдсан албан хаагчдын тоо 1900-д хүрсэн гэжээ. Испанийн Дотоод хэргийн яамнаас мэдээлснээр өнгөрсөн 6-р сараас хойш хууль сахиулагчид ой хээрийн түймэр тавьсан хэргээр 27 хүнийг баривчилж, 92 хүнийг шалгаж эхэлжээ.
Испанийн хөрш Португал улсад ой хээрийн түймэрт 155 мянга гаруй га газар шатсан нь өнгөрсөн 20 жилд ой хээрийн түймэрт шатсан нийт газар нутгийн талбайн дунджаас 3 дахин том талбай аж. Гал сөнөөгчид Португалын төв болон хойд зүгийн бүс нутагт асаж буй томоохон хэмжээний 8 ой хээрийн түймрийг унтраахаар ажиллаж байна.






