
Өнгөрсөн ням гарагт Израилын нийслэл Тель-Авив хотод ХАМАС бүлэглэлийн барьцаанд байгаа иргэдийн ар гэрийнхнийг дэмжиж мянга мянган иргэд гудамжнаа гарч жагссан байна. Гартаа Израил улсын далбаа, барьцаалагдсан иргэдийн зургийг барьсан жагсагчид шүгэл, бүрээ зэргийг үлээж, бөмбөр нүдэж байжээ.
Тэд Ерөнхий сайд Беньямин Нетаньяхугаас Газын зурвас дахь дайныг дуусгахын тулд ХАМАС бүлэглэлтэй зөвшилцөлд хүрч, барьцаанд байгаа иргэдийг суллуулах арга хэмжээ авахыг шаарджээ. Зарим аж ахуйн нэгжүүд, компаниуд ХАМАС бүлэглэлийн барьцаанд байгаа иргэдийн ар гэрийнхний санаачилсан уг жагсаалд нэгдэх хүсэлтэй ажилчдадаа чөлөө олгосон байна.
Ерөнхий сайд Б. Нетаньяху эсэргүүцлийн жагсаал цуглаан болж байгаатай холбоотойгоор өнгөрсөн ням гарагт засгийн газрын хуралдаанаар ХАМАС бүлэглэлийг үгүй хийлгүйгээр дайныг дуусгахыг шаардаж буй хүмүүс ХАМАС бүлэглэлийн байр суурийг улам бэхжүүлж, барьцаанд байгаа иргэдийн суллагдах хугацааг хойшлуулсаар, 2023 оны 10-р сарын 7-нд болсон аймшигт хэрэг дахин дахин давтагдах нөхцөлийг бүрдүүлж өгнө гэдгийг онцолжээ.
Тэрээр өмнө нь Газын зурвасын Газа хотыг бүрэн хяналтдаа авахаар төлөвлөсөн тухайгаа мэдэгдсэн билээ. Түүний уг шийдвэр израилчуудын төдийгүй гадны улс орнуудын шүүмжлэлийг хүлээгээд байгаа ба ХАМАС бүлэглэлийн барьцаанд байгаа иргэдийн ар гэрийнхэн Израил Газын зурвас дахь цэргийн үйл ажиллагаа өргөжүүлэх нь барьцаанд байгаа иргэдийн амь насанд аюултай гэж үзэж байгаа аж.
Газын зурваст ХАМАС бүлэглэлийн барьцаанд 50 иргэн үлдсэн ба Израилын эрх баригчид тэдгээрийн 20 нь л амьд байгаа гэж таамаглаж байгаа аж ХАМАС бүлэглэл Израилын засгийн газрын шийдвэр Газа хотын олон зуун мянган оршин суугчдыг орон гэрээсээ дүрвэхэд хүргэнэ гэдгийг анхааруулжээ. Израилын зэвсэгт хүчин Газын зурваст цэргийн ажиллагаагаа эхлүүлснээс хойш Газын зурваст 61 мянга гаруй палестинчууд амь үрэгдээд байгаа юм.






