
Bloomberg агентлагийн мэдээлснээр өнгөрсөн баасан гарагт Аляскад болсон уулзалтын үеэр ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампад ОХУ Украины зүүн зүгийн Донбасс бүс нутгийн хяналтыг авна гэсэн нөхцөл тавьжээ.
Ерөнхийлөгч Д. Трампын зүгээс В. Путинтэй хийсэн уулзалтынхаа дараа Украины төрийн тэргүүн Володимир Зеленскийтэй утсаар ярилцахдаа ОХУ Донбассаас украины цэргүүдийг гаргахыг шаардсан тухай мэдэгджээ.
Европын удирдагчид ОХУ-Украины дайныг ойрын хугацаанд дуусгахыг зорьж буй Америкийн төрийн тэргүүн Ерөнхийлөгч В. Зеленскийгээс газар нутгийн тал дээр буулт хийхийг шаардаж, шахалт үзүүлж байж болзошгүй гэж сэтгэл зовниж байгаа аж.
Д. Трамптай утсаар ярилцсаныхаа дараа В. Зеленский ирэх даваа гарагт АНУ-д айлчилж, АНУ-ын Ерөнхийлөгч Д. Трамптай уулзахаа мэдэгдсэн бол Д. Трамп В. Зеленский болон Европын холбооны удирдагчидтай ярьсныхаа дараа өөрийн нийгмийн сүлжээнд ОХУ-Украины дайныг дуусгах хамгийн зохимжтой арга бол түр хугацаагаар галаа зогсоох шийдвэрт хүрэх бус нэг мөр энхийн гэрээ байгуулах явдал гэдэг дээр бүгд санал нийлсэн тухай бичжээ.
Тэрээр Украины Ерөнхийлөгч В. Зеленскийтэй Цагаан ордонд хийх уулзалтдаа Европын удирдагчдаас оролцохыг мөн урьжээ.
Financial Times сонинд бичсэнээр ОХУ-ын Ерөнхийлөгч В. Путин Д. Трамптай хийсэн уулзалтынхаа үеэр Киев Донбассын бүс нутгаасаа татгалзах нь түүний тавьж буй гол нөхцөлүүдийн нэг гэдгийг онцолж, Киев уг шаардлагыг нь хүлээн авсан тохиолдолд Москва фронтын үлдсэн шугамыг царцаахыг зөвшөөрнө гэжээ






