
Өнгөрсөн долоодугаар сард Улсын Их Хурлын гишүүн асан Ц.Цэрэнпунцаг, Таванбогд группийн ерөнхийлөгч Ц.Баатарсайхан, “Эрэл”-ийн Б.Эрдэнэбат нарын хүүхдүүд шөнийн цэнгээний газрын үүдэнд зогсож байсан залууг бүлэглэн зодож буй бичлэг цацагдаж “Эрэл”-ийн Б.Эрдэнэбатын хүү Э.Тэмүүлэн, Улсын Их Хурлын гишүүн асан Ц.Цэрэнпунцагийн хүү Ц.Санжаачойпэл нарыг нэг сарын хугацаатай цагдан хориод байсан ч Ц.Санжаачойпэл өвчтэй гэх шалтгаанаар 16 хоног хоригдоод батлан даалтад гараад байсан юм. Прокурорын зүгээс шүүгчийн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилсөн захирамжид эсэргүүцэл бичээд байсан бөгөөд өнөөдөр шүүх хуралдаж Ц.Санжаачойпэлд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх захирамж гаргалаа.
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүх
Шийдвэрийн огноо, дугаар: 2025.08.15 №1311
Шийдвэрийн төлөв: Хүчин төгөлдөр болсон
Санамж: Энэхүү тойм нь шүүхийн шийдвэрийг орлохгүй бөгөөд олон нийтийг мэдээллээр хангах зорилготой болно.
Тус шүүхийн 2025 оны 8 дугаар сарын 8-ны өдрийн 2025/ШЗ/1262 дугаартай “Өмгөөлөгчийн хүсэлтийг хангаж, яллагдагчид авсан таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөх тухай” шүүгчийн захирамжаар яллагдагч Ц.Санжаачойпэлд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, Монгол Улсын хилээр гарахыг болон бусад яллагдагч нартай уулзах, холбоо мэдээллийн хэрэгслээр харилцаа тогтоохыг хориглох таслан сэргийлэх арга хэмжээ авсан шүүгчийн захирамжийг прокурор эс зөвшөөрч Ерөнхий шүүгчид гомдол гаргасныг 2025 оны 8 дугаар сарын 15-ны өдөр хянан хэлэлцэв.
Ерөнхий шүүгч гомдлыг хянан хэлэлцээд шүүгчийн захирамж нь хууль ёсны үндэслэлтэй байх хуулийн шаардлагыг хангаагүй буюу яллагдагчид авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилсөн үндэслэл нь хууль зүйн үндэслэлгүй, хуульд нийцэхгүй байх тул прокурорын гаргасан гомдлыг хангаж, тус шүүхийн 2025 оны 8 дугаар сарын 8-ны өдрийн 2025/ШЗ/1262 дугаар шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, яллагдагч Ц.Санжаачойпэлд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг үргэлжлүүлж шийдвэрлэв.






