
Хүний дотоод шаналлыг гаднаас нь мэдэх арга үгүй. Заримдаа бүх зүйл байгаа мэт харагдавч, яг үнэндээ юу ч үгүй хоосон мэт мэдрэмж цээжийг эзэмдэх нь бий. Б.Гэсэрийн амьдралд тийм үеүд олон байлаа.
“Би амиа хорлох гэж хэдэнтээ оролдсон. Тэр үед бүх юм дууссан мэт л санагдаж байсан” гэж хэлэхдээ дуугаа намсгана.
Б.Гэсэр бол уран бүтээлийн ертөнцөд Wolfizm нэрээрээ танигдсан, реп ба трап урсгалын уран бүтээлч. Ам бүл зургаагийн нэгэн байсан тэр өнөөдөр эхнэр, бяцхан хүүтэйгээ гурвуул хамт амьдарч байна. Гэр бүлтэй болж, тайван амьдрахыг мөрөөддөг байсан залуугийн хувьд хүүхэдтэй болох мөч үгээр илэрхийлэхийн аргагүй байв. Өглөө бүр сэрээд, хүүгээ ширтэхдээ энэ бүхэн үнэн гэдэгт итгэж өгөхгүй суудаг байжээ.

Гэвч энэ аз жаргалын цаана урт хугацааны тэмцэл оршдог. Олон нийтийн анхаарал, хэл ам, үл ойлголцол. Энэ бүхэн түүнийг сэтгэлийн гүн рүү түлхэж, бараан бодлуудтай нүүр тулахад хүргэсэн.
“Цагаа тулахаар аймхай юм билээ. Харин одоо бол өөр. Би аав болсон. Алдах эрхгүй. Хүүдээ, эхнэртээ, гэр бүлдээ хир хүргэхгүй. Бүгдийг нь үүрээд явж чадна. Би улам хүчтэй чоно болсон” гэж тэр итгэлтэй хэлнэ.
Түүний доторх тэр бараан ертөнц одоо байхгүй болжээ.


“Цээж дүүрэн хайртай болсон. Муухай бодлууд нулимстайгаа хамт урсаад явчихсан. Амьдрал бүхэлдээ хайр. Хайр хүнийг амьдруулж ч, үхүүлж ч чадна. Хэзээ ч дуусдаггүй, юугаар ч орлуулж болдоггүй зүйл” гэж хэлэхдээ нүд нь гэрэлтэнэ.
Wolfizm-ийн тухай зарим хүмүүсийн төсөөлөл өөр. Түүнийг “хар бараан ертөнцийн дүр” гэж бодох нь бий. Харин тэр өөрийгөө зөвхөн уран бүтээл дээрээ өөр дүрд хувирдаг гэдгээ тодорхой хэлдэг. “Би хэнийг ч хорлохгүй. Зүгээр л дуу хийхдээ янз бүрийн мэдрэмжээ гаргадаг” гэж тэр тайлбарлана.


Гэсэрийн амьдралд чухал байр суурь эзэлдэг өөр нэгэн хүч бол фенүүд нь. “We Wolves” клубийнхэн түүнд олон жилийн турш түшиг болж, хамгийн хүнд үед ч ард нь зогсож ирсэн. “Цаасан дээрх харилцаа дуусдаг. Харин зүрх сэтгэлд тогтсон холбоо дуусдаггүй. Шинэ цомгоо гаргаад хамгийн түрүүнд тэдэндээ бэлэглэнэ” гэж тэр амлалаа.


Сүүлийн жилүүдэд тэр өөрийгөө өөр нэгэн тал дээр сорьсон нь кино урлаг. “Rhyme” кинонд тоглох санал ирэхэд тэр дуртайяа зөвшөөрчээ. Найз нөхөдтэйгөө ч, өмнө нь таагүй харилцаатай байсан хүмүүстэй ч хамтран ажилласан тэр үеийн туршлага түүнийг улам өсгөж, ойлголцолд хүргэсэн. “Хоолоо хувааж идэж, хүйтэнд даарч, ядарч өнгөрүүлсэн тэр цаг хугацаа биднийг ойртуулсан” хэмээн тэр дурсана.
9 сарын 5-нд “Rhyme” кино бүх дэлгэцээр нээлтээ хийхэд Б.Гэсэр гэр бүлтэйгээ хамт өөрийнх нь бүтээсэн дүрийг үзэхээр догдлон хүлээж байна. Өнөөдөр тэр өнгөрсөн бэрхшээлүүдээ ардаа орхиж, хайр дүүрэн амьсгалж, илүү хүчтэй, илүү уужим сэтгэлтэй хүн болжээ.
Тэр бол чонон зүрхтэй, хайртай хүмүүсийнхээ төлөө ямар ч шуурган дундуур алхаж чаддаг нэгэн.






