
АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп, ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин нарын Аляскийн Анкориж хотод хийх уулзалт орон нутгийн цагаар баасан гарагийн өглөө 11:30 цагт хоёр орны тэргүүнүүдийн ганцаарчилсан уулзалтаар эхлэх талаар ОХУ-ын Ерөнхийлөгчийн туслах Юрий Ушаков мэдэгджээ.
Түүний хэлснээр ганцаарчилсан уулзалтад Ерөнхийлөгч Д.Трамп, В.Путин нар орчуулагч нартайгаа оролцох аж.
Түүнээс гадна хоёр улсын төрийн тэргүүнүүдийн өргөтгөсөн бүрэлдэхүүнтэй хийх хэлэлцээнд ОХУ, АНУ-ын талаас адил тооны төлөөлөгчид оролцох ба Оросын талаас В. Путины туслах Ю. Ушаков, Гадаад харилцааны сайд Сергей Лавров, Батлан хамгаалахын сайд Андрей Белоусов, Сангийн сайд Антон Силуанов, хөрөнгө оруулалт, эдийн засгийн хамтын ажиллагаа хариуцсан тусгай төлөөлөгч Кирилл Дмитриев нар оролцох аж.
Ганцаарчилсан болон өргөтгөсөн бүрэлдэхүүнтэй өдрийн цайны үеэр хийгдэх уулзалт дууссаны дараа Д.Трамп, В.Путин нар хэвлэлийн бага хурал хийхээр төлөвлөжээ.
Уулзалтын үеэр талууд нэн түрүүнд ОХУ-Украины дайны асуудлыг хөндөж, энхийг тогтоох, аюулгүй байдлыг хангах тухай ярилцахаас гадна олон улсад болон бүс нутагт тулгараад буй хурц асуудлуудыг хэлэлцэнэ гэдгийг Ю. Ушаков дурджээ.
Орчуулагчийн хувьд ОХУ-ын Гадаад харилцааны яам олон тооны залуу болон туршлагатай ахмад орчуулагчдаас бүрдэх багтай бол АНУ-ын хувьд дээд хэмжээний уулзалтад ажиллах орчуулагч нар нь Төрийн департаментад бэлтгэгддэг аж.
Улс орнуудын төрийн өндөрлөгүүд дээд хэмжээний уулзалтад өөр өөрсдийн орчуулагчтайгаа оролцдог бол АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трампын тусгай төлөөлөгч Стив Уиткофф ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путинтай сүүлд хийсэн уулзалтуудынхаа үеэр Кремлийн орчуулагчийн тусламжтай харилцахыг илүүд үзсэн байна. С.Уиткоффын уг сонголт нь Оросын төрийн тэргүүний хэлсэн зүйлээс ямар нэг зүйл орхигдуулахаас сэргийлсэн алхам гэдгийг олон улсын ажиглагчид онцолжээ.

Д.Трамп АНУ-ын Ерөнхийлөгчөөр 2016 онд сонгогдсоны дараа түүний Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд ажиллаж байсан Фиона Хилл:
Ерөнхийлөгч Д.Трамп В.Путинтай уулзахдаа Орос хэлийг төгс эзэмшсэн орчуулагчтай орохгүй бол Оросын төрийн тэргүүн далд байдлаар Ерөнхийлөгч Д.Трампыг шоглож, егөөдөх магадлал өндөр гэдгийг анхааруулжээ.
Тэрээр The Telegraph сонинд өгсөн ярилцлагадаа:
“В.Путин егөөдсөн, ёжилсон үг хэллэг ашиглаж байгааг нь Орос хэлийг төгс эзэмшээгүй хүн бол орхигдуулах өндөр магадлалтай. В.Путин юу гэж хэлж байгааг, тэрийгээ ямар байдлаар хэлж байгааг нь Д.Трампад хэлж зөвлөх ур чадвартай хүн дэргэд нь байх ёстой. Д.Трамп Орос хэл мэдэхгүй, харин В.Путин англи хэлийг хангалттай сайн мэднэ. В.Путины яриа, үйл хөдлөл гээд бүгдийг нь анхаарах нь зүйтэй, тэрээр биеийн хэлэмжийн тал дээр маш олон ов мэхтэй гэдгийг санах хэрэгтэй” гэжээ.






