
Энэ сарын 4-нд БНХАУ-ын Сычуань мужийн Жянъю хотын олон мянган оршин суугчид 14 настай сурагч охиныг зодсон охидыг хатуу шийтгэхийг шаардан гудамжнаа гарч жагсжээ.
Хэрэг явдал энэ сарын 2-нд Хятадын нийгмийн сүлжээнд өсвөр насны гурван охин өөр нэг охиныг хэрцгийгээр зодож буй бичлэг тархжээ.
Уг бичлэг тархсанаас 2 хоногийн дараа Жянъю хотын цагдаагийн газраас дээрх бичлэг нь 7-р сарын 22-нд хийгдсэн болохыг мэдэгджээ. Хууль сахиулагчдын мэдээлснээр хохирогч охин нь бичлэг дээр түүнийг зодож буй гурван охины нэгтэй нь ам зөрснөөс болж уг хэрэг гарсан ба хохирогч охин хуйх болон өвдгөндөө хөнгөн гэмтэл авсан, харин түүнийг зодсон 2 охиныг засан хүмүүжүүлэх тусгай сургууль руу шилжүүлж, 3 дахь охин болон гэрчүүдэд сануулга өгчээ.
Цагдаагийн уг мэдэгдлийн дараа хохирогчийг зодсон охидын шийтгэлийг хэтэрхий хөнгөн байна гэж үзсэн иргэд хохирогч охины аав болон сонсголын бэрхшээлтэй ээжийн хамт хотын захиргааны гадаа цуглаж, хэрэг үйлдсэн охидыг хатуу шийтгэхийг шаарджээ.
Зарим нь хотын захиргааны байр луу дайран орсноор орон нутгийн удирдлагууд иргэдтэй уулзаж, шаардлагыг нь сонссон ч иргэдийн эсэргүүцлийн жагсаал цуглаан улам өргөжсөн байна. Иргэдийн жагсаал цуглааныг тараахаар тусгай үүргийн олон арван албан хаагчид хотын захиргааны гадаа ирж, хаалтууд байршуулан, хэд хэдэн жагсагчдыг баривчилжээ.
Үүнтэй холбоотойгоор иргэдийн уур бухимдал улам нэмэгдэж, хотын захиргааны байрны гадаа цугласан иргэдийн тоо хэдэн мянгад хүрчээ. Тэд Хятадын төрийн дууллыг дуулж, дээрэлхэлтийг зогсоож, ардчиллыг эргүүлэн өгөхийг шаардан орилж байсан аж.
Шөнө дундын үед тусгай үүргийн цагдаа нар бороохой, нулимс асгаруулагч зэргийг жагсагчдын эсрэг ашиглан, жагсаалыг хүч хэрэглэн тараасан байна.
Тус эсэргүүцлийн жагсаал олон улсын хэвлэл мэдээллийн анхаарлыг татсан ч Хятадын эрх баригчид Хятадын нийгмийн сүлжээнд тус жагсаал цуглаантай холбоотой тархсан видео бичлэг, гэрэл зургууд зэргийг нэн даруй устгажээ.
Хятадын эрх баригчид Жянъю хотод болсон жагсаалыг хүч хэрэглэн, шуурхай тараасан нь 8-р сарын 7-нд нь тус хотоос 160 км зайд байрлах Чөндү хотод олон улсын спортын наадмын нээлт болох гэж байсантай мөн холбоотой гэдгийг ч ажиглагчид онцолжээ.
Хятадад сургуулийн орчин дахь дээрэлхэлтийн хэргүүд олон гардаг ч энэ удаагийн хэрэг нь олны анхаарлыг илүү татсан нь хэд хэдэн шалтгаантай аж.
Үүнд хохирогчийн ар гэрийнхэн цагдаад гомдол гаргаснаас хойш бараг 2 долоо хоногийн дараа цагдаагийн газраас албан ёсны мэдэгдэл гаргасан явдал, хохирогчийн ээж хууль сахиулагчдаас хэд хэдэн удаа шударга ёс тогтоохыг гуйсан ч түүний хүсэлтийг хүлээж аваагүй нь олны бухимдлыг төрүүлсэн явдал, хэргийг үйлдсэн охидын эцэг эхчүүд төрийн албанд өндөр албан тушаал хашдаг гэсэн цуурхал тарсан явдал зэрэг нөлөөлжээ.
Түүнээс гадна уг үйл явдал нь Хятадын хууль гэмт хэрэгт холбогдсон хүүхдүүдэд оногдуулах шийтгэл, насанд хүрээгүй хохирогчдыг хамгаалах тал дээр учир дутагдалтайг харууллаа хэмээн ажиглагчид үзэж байна.






