
Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн (UNDP) суурин төлөөлөгч хатагтай Матильда Димоскаг өнөөдөр хүлээн авч уулзлаа.
Уулзалтаар Монгол Улсын Засгийн газар болон НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн хамтын ажиллагааны өнөөгийн нөхцөл байдал, цаашдын түншлэл, хамтын ажиллагааны чиглэлүүдийн талаар ярилцлаа.
Тухайлбал, ой хээрийн түймэртэй тэмцэх, урьдчилан сэргийлэх, удирдах, хянах тогтолцоог сайжруулах, бүс нутгийн хөгжлийн бодлогын хүрээнд ил тод, хариуцлагатай, тэгш, үр дүнтэй менежментийг төлөвшүүлэхэд техникийн туслалцаа үзүүлэх талаар санал солилцов.

Мөн уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох, онцгой байдлын үед бэлтгэл, бэлэн байдлыг хангах, хариу арга хэмжээ авах, олон нийтийн сөрөн тэсвэрлэх чадавхыг нэмэгдүүлэх асуудал нь улс орны хөгжлийн тогтвортой байдалд чухал ач холбогдолтой болохыг талууд онцлон тэмдэглэлээ.
Хатагтай Матильда Димоскагийн тэргүүлдэг НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр нь Монгол Улсад олон жил тогтвортой үйл ажиллагаа явуулж, хүний хөгжлийг дэмжих, засаглалын чадавхыг сайжруулах, орон нутгийн хөгжил, байгаль орчны хамгаалал зэрэг олон чиглэлээр бодитой хувь нэмэр оруулж ирсэнд гүн талархал илэрхийлсэн юм.


Цаашид НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн хэрэгжүүлж байгаа болон шинээр эхлүүлэх төсөл, хөтөлбөрүүдийг Засгийн газрын бодлого, тэргүүлэх чиглэлүүдтэй уялдуулан, илүү үр дүнтэй, бодит хэрэгжилт бүхий хамтын ажиллагааг гүнзгийрүүлэн хөгжүүлнэ гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлэв.






