
Тэр хүн тэнгэр болоод зургаан жил болжээ. Цагаан сар болж байсныг лав санаж байна. Машины кабинд суучихсаан, золгуутанд явж байсан би бээр энэ мэдээг фэйсбүүк гэх “найзаасаа” сонссон юм. Уран зохиол гэхээр амьсгаа өндөр дэвхэцдэг сурагч надад энэ мэдээг сонсох амаргүй байлаа. Түүний уран бүтээлүүд монгол түмний, тэр дундаа сурагчдын аманд “хүлхэгдэж”, “Тамгагүй төр” жүжиг нь Лондон хотын театрт тоглогдож, оюун санаа нь бидний дунд амьдарсаар.
Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Ардын уран зохиолч, Төрийн шагналт, Соёлын гавьяат зүтгэлтэн гээд түүнд аваагүй шагнал бараг үгүй. Түүний нэрийг сонссон Монголын хэнбугайн ч санаанд ямар нэгэн уран бүтээлийнх нь нэр тодорч, шүлгийнх нь нэг мөр уушги, цээжийг нь зураад хоолой өөд өгсдөг биз. Бавуугийн Лхагвасүрэн гэх энэ эрхэм хүмүүний араас нэг их удалгүй 2022 онд хүү Хасар нь явсан. Харин саяхан даа, Л.Хасарын хүү Х.Хасуй өвөөгийн уран бүтээлээр пянз гаргажээ. Пянз гаргах, гаргахдаа бүр өвөөгийнх нь шүлгийг аав Х.Хасарын уншсанаар гурван пянз гаргачхаж.
Тодруулан хэлбэл, Бавуугийн Лхагвасүрэн агсны хүү “Болор цом”-ын эзэн яруу найрагч Л.Хасар амьд ахуйдаа буюу 2020 онд бүх бүтээлийг нь уншиж бэлэн болгосон байсан ажээ.
Уран бүтээлч байгаад, түүнийг нь ойлгож, мэдэрч, өөрөөс нь хойш хүмүүст хүргэх үр үндэстэй байна гэдэг яасан сайхан. Та бүхэн пянз авах бол ач хүү Х.Хасуйгийн 88337360 дугаарт холбогдоорой. Гурвуулаа нийлээд 297 мянгаар зарагдаж байгаа юм байна.
Б.Лхагвасүрэн агсны гэргий С.Баасан гуай “Ханийн минь “Уянгын тойрог” ном 1982 онд анх хэвлэгдэж байсан. 43 жилийн дараа “Уянгын тойрог” номыг хүү Х.Хасар нь уншаад, түүний хүү Х.Хасуй нь пянз болгоод гаргачихсан, би их баяртай сууна. Өвөө, аавдаа үүнээс илүү том бэлэг яаж барих вэ дээ” дээ.
-Танд зориулсан шүлгийг хүүгийнхээ хоолойгоор сонсох ямар байна?
-Гоё шүү дээ, амьд юм шиг л. Хэдэн онд, хэдийдээ уншчихсан юм, миний муу хүү. Нэг л мэдэхэд ингээд уншчихсан… “Хэн уншсан юм” гэж асуусан чинь Х.Хасуй “Аав уншсан” гэж байна.
Манайд нэг ирсэн хүний утас дугараад, цаад хүн нь “Хаана байна” гэж асууж байгаа бололтой дог. Тэгсэн “Би Б.Лхагвасүрэн ахынд байна” гэж хэлэхэд нь хэчнээн сайхан санагдсан гээч. Байхгүй болов ч дэргэд яг л байгаа юм шиг байдаг.
-Хүн л юм чинь санана, бодно, үгүйлнэ. Тийм үедээ та хүү, хань хоёрынхоо номуудыг хэр их сөхөж харж байна?
-Номыг нь сөхөж харахаас илүүтэй бага хүүгээсээ “Интернэтээс тэр дууг нь тавиад өг. Тэр шүлгийг нь тавиад өг” гэж гуйгаад сонсчихдог. Хүүхдүүд маань зовоогоод байхгүй юм. Санаа сэтгэл тайван, 80 гарчхаад ингээд сууж л байна. “Тийм юм авмаар байна. Тийм хоол идмээр байна” гээд хэдэн хүүхдэдээ эрхлээд сууж л байна.






