
Эх орны хөрсөнд тариалсан эрүүл, шинэ ногоог иргэдэд худалдаалдаг “Алтан намар-2025” төмс, хүнсний ногооны өргөтгөсөн худалдааг энэ жил нийслэлийн 21 байршилд зохион байгуулахаас өнөөдрийн байдлаар долоон байршилд үзэсгэлэн худалдааг дэлгэжээ.
Шинэ ногооны үзэсгэлэн худалдаа болж буй байршлын нэг Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хороо, Барилгачдын талбайд газар тариалан эрхлэгч, зөгийн аж ахуй эрхлэгч, үндэсний үйлдвэрлэгчид төмс, байцаа, лууван, манжин, сонгино гээд өргөн хэрэглээний хүнсний ногооноос гадна олон төрлийн нарийн ногоо, даршилсан ногоо, зөгийн балыг зах зээлийн үнээс хямд үнээр борлуулж байлаа.

“Алтан намар-2025” төмс, хүнсний ногооны өргөтгөсөн худалдаанд өнөөдрийн байдлаар Сэлэнгэ, Дархан, Төв, Булган, Ховд, Өмнөговь аймгийн болон Улаанбаатар хотын 60 гаруй иргэн, тариаланч оролцож байгаа юм. Өргөтгөсөн худалдаанд оролцож байгаа тариаланчид холбогдох журамд заасны дагуу бичиг баримтаа бүрдүүлж, ариун цэврийн үзлэг шинжилгээнд хамрагдаад зогсохгүй бүх ногоогоо шинжилгээнд хамруулж, химийн бордоогүй гэдгийг нь нотолж байж үзэсгэлэндээ оролцох эрхтэй болдог гэнэ.


Нийслэлийн есөн дүүргийн хэмжээнд намрын шинэ ногооны үзэсгэлэн худалдааг арваннэгдүгээр сарын 1-нийг хүртэл зохион байгуулна.

Өнөөдрийн байдлаар “Алтан намар-2025” өргөтгөсөн худалдаа дараах долоон байршилд дэлгэгджээ.
- Баянгол дүүрэг, 1 дүгээр хороо, “Сэлэнгэ” худалдааны төвийн баруун талд
- Баянзүрх дүүрэг, 4 дүгээр хороо, Жуковын талбай
- Сүхбаатар дүүрэг, 6 дугаар хороо, “Өлзий” төвийн эсрэг талын хүнсний ногооны контейнер
- Сүхбаатар дүүрэг, 16 дугаар хороо, Хорооны байрны дэргэд хүнсний ногооны контейнер
- Чингэлтэй дүүрэг, 2 дугаар хороо, “Алтжин бөмбөгөр” худалдааны төвийн гадна талбай
- Чингэлтэй дүүрэг, 4 дүгээр хороо, Бага тойруу гудамж, Барилгачдын талбай
- Баянзүрх дүүрэг, 1 дүгээр хороо, “Сансар” үйлчилгээний төвийн гадна талбай /Одоогоор уг худалдааны төвийн тохижилтын ажил дуусаагүй тул “Хүрмэн” эмийн сангийн хойно түр байрлаж байгаа/
Эх сурвалж: НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС






