
Сүхбаатар дүүрэг үүсэн байгуулагдсаны түүхт 60 жилийн ойг тохиолдуулан “Монгол шуудан” ХК-тай хамтран 16000 ширхэг дурсгалын маркыг бүтээжээ. Маркийн нээлт өчигдөр /2025.08.11/ болж, худалдаанд гаргалаа.
Энэ үеэр Сүхбаатар дүүргийн Засаг дарга М.Алтангэрэл: Сүхбаатар дүүргийн 60 жилийн ойдоо үлдэх зүйл хийе гэсэн зорилт тавьсан. Үүний хүрээнд соёлын өв болгож энэхүү маркийг гаргасан. Өнөөдөр 3000 төгрөгөөр зарагдаж байгаа хэдий ч 10, 20 жилийн дараа 300 мянга, 3 сая хүрэх ч ийм магадлалтай.

“Монгол шуудан” компанийн Захирал Г.Тэлмэн: Марк бол шуудангийн төлбөр төлөгдсөнийг баталгаажуулсан үнэ бүхий тэмдэгт нөгөө талаасаа түүхийн үйл явдлыг тамгалан үлдээдэг соёлын өв юм. Өнгөрсөн жил манай хамгийн анхны марк болох “Элдэв Очир” дэлхийн маркийн түүхэнд анх удаа Юнескогийн Ази Номхон далайн баримтад өвөд бүртгүүлсэн байдаг.
Сүхбаатар дүүргийн 60 жилийг яагаад онцолж авч үзсэн бэ гэвэл нийгэм соёл, шинжлэх ухаан, боловсрлын гол төв бүх үйл ажиллагаа 20-р зуунд энд өрнөж байсан. Тэр утгаараа 60 жилийн ойн маркийг гаргах нь зүйтэй гэж үзсэн. Энэхүү маркийн онцлог нь 1973 оны хоёрдугаар сарын 2-нд жанжин Д.Сүхбаатарын мэндэлсний 80 жилийн ойд гаргаж байсан маркийн нэг буюу Урлагийн гавьяат зүтгэлтэн, Ардын зураач А.Сэнгэцохиогийн “Төрийн тамга хүлээн авах ёслол” хэмээх зураглалыг дахин засварлаж, үнийг нь өөрчилж гаргаж байгаагаараа онцлог.
Маркийг баримтат өв гэдэг утгаараа Монгол шуудангийн нөөцөнд хадгалдаг. Өнөөдрөөс гүйлгээнд гарч эхэлнэ. Үнийн хувьд 3000 төгрөгийн үнэтэй. Тэгэхээр иргэд, Сүхбаатар дүүргийн иргэд цуглуулгандаа авч болно. Зөвхөн цуглуулга гэхээс илүү нэг талаасаа үйлчилгээний үнэ бүхий тэмдэгт. Энэхүү маркийг авснаар дэлхийн 192 орон руу шууд илгээмжээ явуулах боломжтой.
Ш.Бүжинлхам






