
Нэгэн айлын жижиг өрөө 30 жилийн өмнө оёдлын цех болон хувирчээ. Том өрөөндөө бээлийний дотор эсгэж, жижиг өрөөндөө оёдлын машин жиргэнэ. Хүүхдүүд нь орой бүр тусалж, оёдол хийснийхээ хөлсөнд зайрмагийн мөнгөө авдаг байв. Өнөөдөр тэр хүүхдүүдийн нэг нь гэр бүлийнхээ арьсан бээлийний бизнесийг үргэлжлүүлж, “Mon Gloves” хэмээх үндэсний брэндийг амжилттай хөгжүүлсээр байна.
Социализмын туршлага, өнөөгийн урлал

Mon Gloves-ын бээлийг социализмын үед үйлдвэрийн шугам дээр олон жил ажиллаж байсан оёдолчин Долгоржав гуай урладаг. Түүний гарын ур, арьсны чанарт тавих шаардлага нь компанийн нэрийн хуудас болжээ.


“Mon Gloves” ХХК-ийн үүсгэн байгуулагч Т.Нэмэхбуян:
“Яг таарсан сайн арьс олж авах нь хамгийн чухал. Чанаргүй бол хэн ч авахгүй. Бидний хувьд яг стандартын дагуу бээлийнүүдээ хийдэг. Манай ажилчид дор хаяж 20-30 жил ажилласан туршлагатай. Бид хамтдаа нийлж байж байгууллага болоод бүтээгдэхүүнийхээ үнэ цэнийг алдагдуулалгүйгээр өдийг хүртэл явж байна.
Манай хүү Олон Улсын тогооч мэргэжилтэй. Гэхдээ гэр бүлийнхээ хөлс хүчээ зориулан байж бүтээсэн энэ бизнесийн үргэлжлүүлээд авч явж байгааг нь харахад сэтгэл дүүрээд л эхэлсэн. Нээрээ л удам дамжуулаад үнэ цэнийг нь алдагдуулалгүйгээр аваад явбал ямар сайхан бэ гэдгийг ойлгож сэтгэл дүүрч явна даа.
Mon Gloves-ын бээлий нь удаан эдэлгээ, гарын эвтэй байдлаараа хэрэглэгчдийн итгэлийг олсон. Хэдэн жилийн өмнө хийгдсэн бээлий ч хэлбэр, оёдлоо хадгалж арьсний үнэ цэнээ хадгалж яваа.


“Mon Gloves” ХХК-ийн захирал Б.Болдбаяр:
Би огт өөрийгөө бээлий хийгээд явдаг хүн болно гэж бодож байгаагүй. Ковид цар тахлын үеэр ээж гадагшаа явах шаардлагатай болоод анхныхаа оёдлыг хийж байлаа. Харин одоо бээлийнийхээ төрөл зүйлийг өөрчилж мотоциклийн бээлий хийж эхэлсэн. Тэр бээлийнийхээ чанарыг шалгахын тулд мотоцикл унаж сурсан гэж хэлэхэд болно. Чанарын хувьд үнэхээр сайн. Арьсан бээлий удах тусмаа чанартай, гарт сууж өгдөг. Өөрсдийн нэрийг бээлийгээ дэлхийд гаргах зорилготой. Үндэсний үйлдвэрлэл гэхээр л өндөр үнэтэй байх гэдэг зүйлийн эсрэг байдаг. Хэдэн ч жил болсон аль болох чанартай хүний хэрэгцээнд таарсан бээлийг стандартын дагуу хийхийг хүсдэг дээ.
Загварын өөрчлөлт, бүтээгдэхүүний шинэчлэл бүрийг гэр бүлээрээ зөвлөлдөн шийддэг. “Ганц хүний шийдвэр биш, бүгд хамтдаа ярилцаж зөв зүйтэй нь гаргадаг” гэж үүсгэн байгуулагч онцоллоо.


“Mon Gloves” ХХК-ийн үүсгэн байгуулагч Д.Батбаяр:
Гэр бүлийн бизнес гэдэг хамтдаа шийдвэр гаргадгаараа онцлогтой. Нэг нь нэгийгээ нөхөж явдаг. Хүүгээ бизнесээ үргэлжлүүлээд явааг харахад сайхан байдаг. Анх шүхэрчин байхдаа шүхрийн материалаар тамирын хувцас хийж зардаг байлаа. Тухайн үд арьс, ширэн дээрээ оочирлохоос эхлээд асуудал их байсан. Зарим бүтээгдэхүүнээ гэрт хэрэгцээтэй байгаа зүйлээрээ солиод авчихдаг байлаа. Одоо ч цаг үе өөр болоод хүү минь олон зүйл туршаад явж байгааг харах сайхан байна.
Дунджаар 45-80 мянган төгрөгийн үнэтэй. Хувийн захиалгад нэмэлт төлбөр авахгүй, сонгосон загварын үнээр хийдэг.


Mon Gloves зөвхөн нэг төрлийн бээлий бус, олон зориулалт, загвартай бүтээгдэхүүн үйлдвэрлэж, “Монголд үйлдвэрлэсэн чанартай бээлий олон төрлийн хэрэгцээг хангаж чадна” гэдгийг харуулахыг зорьж байна. 20-40 жилийн туршлагатай оёдолчдын ур, чанартай арьс, үндэсний үйлдвэрлэлийн бахархал бол энэ брэндийн гол үнэт зүйл.






