
Олон Улсын Агаарын Тээврийн Холбоо (IATA) 2024 оны Агаарын тээврийн статистикаа танилцуулжээ.
Дэлхийн хамгийн том агаарын тээврийн зах зээлтэй орноор АНУ тодорсон байна. 2024 онд тус улсад 876 сая хүн агаарын тээврээр зорчжээ.
Түүний араас БНХАУ 741 сая зорчигчтойгоор хоёрт жагссан ба 2023 оны үзүүлэлттэй харьцуулахад тус улсад 2024 онд агаарын тээврээр үйлчлүүлэгсдийн тоо өмнөх оныхоос нь 18.7 хувиар өсжээ.
Харин жагсаалтын гуравт 261 сая зорчигчтойгоор Их Британи, дөрөвт 241 сая зорчигчтойгоор Испани улс тус тус бичигджээ.
Дэлхийн хамгийн ачаалалтай 10 нислэгийн 9 нь Ази-Номхон далайд бүртгэгдсэн байна.
2024 оны дэлхийн хамгийн олон хүн зорчсон нислэгээр БНСУ-ын нийслэл Сөүл хот, Чежү арал хоорондын нислэг тодорчээ. Өнгөрсөн жил Сөүл-Чежү чиглэлд 13 сая гаруй хүн зорчсон байна.
Хойд Америк тивд бүртгэгдсэн хамгийн ачаалалтай нислэгээр Нью Йорк-Лос Анжелес чиглэлийн нислэг тодорчээ. АНУ-ын дээрх хоёр хотын хооронд өнгөрсөн онд 2.2 сая хүн зорчсон байна.
Европт хамгийн олон хүн зорчсон чиглэлээр Испанийн Барселона болон Пальма-де-Мальорка хот хоорондын нислэг тодорсон байна. Дээрх хоёр хотын хооронд 2024 онд нийт 2 сая хүн зорчжээ.
Латин Америкийн хувьд Колумбийн нийслэл Богота хотоос тус улсын хоёр дахь том хот болох Меделин хот хоорондын 1 цаг орчим үргэлжлэх нислэгээр нийт 3.8 сая хүн зорчсон бол Африк тивд Өмнөд Африкийн Кейптаун болон Йоханнесбург хот хоорондын 2 цагийн нислэгээр нийт 3.3 сая хүн зорчжээ.
2024 онд хамгийн олон хүн үйлчлүүлсэн агаарын тээврийн хэрэгслээр Boeing 737 Max тодорчээ. Тус хөлөг онгоц 2024 онд нийт 10 сая нислэг үйлдсэн байна. Түүний араас жагсаалтын хоёрт 7.9 сая нислэг үйлдсэн Airbus компанийн A320 хөлөг онгоц, гуравт 3.4 сая нислэг үйлдсэн Airbus A321 хөлөг онгоц тус тус бичигдсэн байна.
Эх сурвалж: CNN






