
The Wall Street Journal сонинд бичсэнээр ирэх баасан гарагт АНУ-ын Ерөнхийлөгч Д. Трамп, ОХУ-ын Ерөнхийлөгч В. Путин нар АНУ-ын Аляска мужид уулзаж, ОХУ-Украины дайны асуудлыг хэлэлцэхээр төлөвлөсөнтэй холбоотойгоор Украины болон Европын орнуудын төлөөлөгчид өөрсдийн боловсруулсан ОХУ-Украины дайныг дуусгах төлөвлөгөөгөө АНУ-ын эрх баригчдад танилцуулжээ.
Уг төлөвлөгөөндөө дайнд оролцогч талууд нь ямар нэг шийдвэр гаргахаасаа өмнө галаа зогсоох ёстой гэдгийг онцолжээ. Мөн газар нутгаа харилцан солилцохыг санал болгосон нь Киев ОХУ-ын газар нутгийг чөлөөлсөн тохиолдолд ОХУ ч мөн адил Украины газар нутгаас чөлөөлөх гэсэн зарчим үйлчлэх аж.
Украин газар нутгийнхаа тодорхой хэсгийг ОХУ-д мэдэлд өгсөн тохиолдолд Киевт аюулгүй байдлын баталгаа тэр дундаа Украиныг НАТО-д элсэх боломжийг үлдээх ёстой гэдгийг онцолжээ.
Европын орнуудын төлөөлөгчид уг төлөвлөгөөгөө өнгөрсөн бямба гарагт АНУ-ын Дэд ерөнхийлөгч Жэй Ди Вэнстэй хийсэн уулзалтын үеэр танилцуулсан ба уг уулзалтад видео холбоогоор Америкийн төрийн нарийн бичгийн дарга Марко Рубио, тусгай төлөөлөгч Кит Келлог, Стив Уиткофф нар мөн оролцжээ.
Европын эрх баригчид Киевийн хамт Д. Трампын засаг захиргаанд уг төлөвлөгөөг танилцуулсан нь ОХУ-тай хийгдэх хэлэлцээний үеэр Киев болон Европын холбоо юуг зөвшөөрөх, юуг зөвшөөрөхгүй вэ гэдгийг тодорхой болгохыг хүссэнтэй холбоотой аж.
Дэд ерөнхийлөгч Жэй Ди Вэнстэй хийсэн уулзалтынхаа үеэр Европын эрх баригчид Украины ирээдүйг Украингүйгээр шийдэх ёсгүй гэдгийг дахин сануулж, АНУ, ОХУ хоёр Европын оролцоогүйгээр ямар нэг гэрээ хэлэлцээ хийх нь хүчин төгөлдөр болж чадахгүй гэдгийг онцолжээ.
The Wall Street Journal сонинд бичсэнээр ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин АНУ-д ОХУ-Украины дайныг дуусгах төлөвлөгөөгөө хэдийн танилцуулсан ба үүнд Киев Донецк мужийг ОХУ-д өгсөн тохиолдолд ОХУ галаа зогсоохыг зөвшөөрнө гэжээ. Түүнээс гадна фронтын шугамыг царцааж, Запорожье болон Херсон мужийн газар нутгийг ОХУ-ын хяналтад үлдээхийг санал болгожээ.
Украины Ерөнхийлөгч Володимир Зеленскийн зүгээс Украин улс ОХУ-д газар нутгаа зүгээр өгөхгүй гэдгийг сануулсан бол Европын эрх баригчид Киев ОХУ-д Донецк мужийн хяналтыг шилжүүлсэн тохиолдолд ОХУ Запорожье, Херсон мужуудаас цэргүүдээ гаргах ёстой гэж үзэж байгаагаа илэрхийлжээ.
Эх сурвалж: BBC






