
Сүүлийн үед “Тайга” фестивальтай холбоотойгоор элдэвмуу яриа, цуу дам яриа ихсэж байна. Харамсалтай нь энэ нь бодит байдлыг гуйвуулж, бүтээлч эхлэлийг баллуурдах оролдлого мэт санагдаж байна. Нутгаа хайрладаг хүн бүр үнэн, шударга, бүтээлч зүйлийг дэмжих ёстой бус уу?
“Тайга” бол ганцхан шоу арга хэмжээ биш. Энэ бол Хөвсгөл нутгийг олон нийтэд шинэ өнцгөөс таниулсан, бүтээлч эхлэл. Залуус ажилтай, бизнес эрхлэгчид орлоготой, нутгийн нэр хүнд нэмэгдсэн том боломж юм.
Жуулчид, дотоодын зочид, соёлын орон зай хайж яваа залуусын урсгал нэмэгдсэн. Хөвсгөл аймгийг зөвөөр харуулах шинэ цонх нээгдсэн. Бид өөрсдөө шүүмжилж унагах биш, улам уухайлах учиртай…
Сүүлийн үед “Хэн нэгэн мөнгө олж байна, тэгэхээр л буруу” гэх хандлага цахим сүлжээнд ноёлж байна. Таамаг, харсэжигт тулгуурласан бичвэрүүд “үнэн” мэт тарааж байна.Харамсалтай нь энэ бүх эерэг үйл явцыг үгүйсгэх, “хэн нэгэн мөнгө хийж байгаа бол заавал буруутай” гэх сэтгэлгээ газар авчээ. Үүнээс ч илүүтэй, өөрсдийн нутгаасаа төрсөн, өөрийн хүчээр хөдөлж буй нэгнээ түгжилдэж, сэм хөндөх үйлдлүүд олширч байна.
Монголчууд “түгжилдэх” гэдэг үгийг ясны урвалт, хорон атаархлын дүрслэл болгон хэрэглэдэг. Нэгэн цагт сайн нөхдийн дунд байсан ч, дараа нь хойноос хутгасан урвагчийг “түгжил” хэмээн зүйрлэдэг. Үүнийг өнөөдөр бидний зарим нь цахим сүлжээнд хэрэгжүүлж эхэллээ.
Хэн нэгэн хийж эхэлмэгц түүнийг дарж авах, хардаж сэрдэх, “ар талд нь хэн байна”, “хятад мөнгө байна”, “мансууруулах бодис байна” гэхчлэн баримтгүйгээр цуурхах нь өгөөжтэй бүтээлч хөдөлгөөнийг гутаах төдийгүй, цаашлаад бидний ирээдүйд тээг болох хандлага юм.
Санхүүжилтийн тухайд хэн ч албан ёсоор баталж, нотолж чадаагүй атлаа “Хятадуудтай холбоотой” гэх нь нотолгоогүй, гүтгэлэгтэй дүйцэхүйц дайралт юм.Баримтгүй, хов маягийн бичвэр бол нутгаа гэх сэтгэлийн илэрхийлэл биш.
Юу ч хийдэггүй, гомдоллохоос цаашгүй хүмүүс олширсон энэ цаг үед өөрийн хүчээр соёлын арга хэмжээ зохион байгуулж, залуусыг татан оролцуулж буй Пүрэв-Осор, Тоонотын Дээгий нар шиг хүмүүсийг бид дэмжих учиртай.
Тэднийг үндэслэлгүй гүтгэж, “ар талд нь хэн байна” гэж хардаж, хийж байгаа зүйлийг нь харлуулах нь бүтээлч хөдөлгөөнд дайсагнаж буй үйлдэл. Бид хийж буй нэгнээүгүйсгэх бус, хамтарч, сайжруулах сэтгэлтэй байх ёстой.
“Мансууруулах бодис хэрэглэсэн”, “харийн хөрөнгө оруулалттай” гэх мэт яриа нь одоогоор ямар ч албан ёсоор шалгагдаагүй, нотлогдоогүй зүйл. Харин ч ингэж баримтгүй мэдээлэл тарааж буй хүмүүс өөрсдөө хууль зөрчиж байгаагаа ойлгох хэрэгтэй.
Хэн нэгэн бичлэг хийсэн байж болох ч тэр нь хэн, хаана, ямар нөхцөлд болсон нь тодорхойгүй. Хов живээр хөөцөлдөх биш, хөгжлийн төлөө ярихад бид суралцах цаг болсон.
“Тайга” бол нэгэнт эхэлсэн, олон хүний хүч хөдөлмөрөөр бий болсон соёлын хөдөлгөөн. Хэрвээ алдаа дутагдал байвал хэлэлцэж, зөвөөр засах нь зөв. Харин шууд харлуулах, үзэн ядах, унагах оролдлого бол бүтээлч байдлын дайсан.
Нутгаа хайрлаж байгаа бол хийж буй нэгнээ хардаж биш, хамтарч урагшлуулах сэтгэлтэй байцгаая. Бүтээсэн нэгнийг бус, бурууг хайгч биш, шийдлийг эрэгч байх цаг нь болсон.
“Бидний дуу хоолой зөв байж гэмээнэ нутаг хөгжинө.Баримтгүй гүтгэлэг тараахын оронд бодитой дүгнэж, бүтээлчээр шүүмжилцгээе.






