
Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар, Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайхан, “Монголын төмөр зам” ТӨХК-ийн Гүйцэтгэх захирал О.Батчулуун болон холбогдох албаны төлөөлөгчид өнөөдөр (2025.08.07) Багахангай-Хөшигийн хөндий чиглэлийн салбар төмөр зам барих төслийн бүтээн байгуулалтын ажлын явцтай газар дээр нь очиж танилцлаа.
Уг төмөр зам нь “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн Багахангай өртөөнөөс салаалж, Төв аймгийн Сэргэлэн сумын нутгаар дайрч, Хөшигийн хөндий хүртэл 102.5 км урт үргэлжилнэ.Тус төмөр зам нь ачаа тээврийн зориулалт бүхий гуравдугаар зэрэглэлийн, 1520 мм царигтай, гурван өртөө, дөрвөн зөрлөгтэй, 2.5 километр урт гүүрэн байгууламжтай, манай улсад баригдаж буй анхны салбар төмөр зам юм.


Одоогийн байдлаар доод бүтцийн газар шороо, ус өнгөрүүлэх хоолойн ажил 60%, дөрвөлжин хоолойн ажил 44%, дам нуруут гүүрний ажил 65.3%, цахилгаан дамжуулах агаарын шугамыг шилжүүлж, өндөрлөх ажил 75%, шилэн кабель шилжүүлэх ажил 70%-ийн гүйцэтгэлтэй байна.
Монгол Улсын Засгийн газрын тэргүүн Г.Занданшатар төслийн талбайд ажиллах үедээ нэн тэргүүнд шаардлагатай байгаа санхүүжилтийн асуудлыг шийдвэрлэхээр боллоо.
































