
АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп ирэх 7 хоногт ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтай уулзаж магадгүй талаар The New York Times сонин мэдээлжээ. ОХУ-ын төрийн тэргүүнтэй уулзсаныхаа дараа Д.Трамп ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин, Украины Ерөнхийлөгч Володимир Зеленский нартай гурван талт уулзалт хийхээр төлөвлөжээ. Энэ талаараа тэрээр өнгөрсөн лхагва гарагт Европын удирдагчидтай утсаар ярилцахдаа дурдсан аж.
Америкийн төрийн тэргүүн Их Британийн Ерөнхий сайд Кир Стармер, ХБНГУ-ын канцлер Фридрих Мерц, АНУ-ын дэд ерөнхийлөгч Жэй Ди Вэнс, Төрийн нарийн бичгийн дарга Марко Рубио, тусгай төлөөлөгч Стив Уиткофф болон Украины Ерөнхийлөгч В. Зеленский нартай утсаар ярилцсан талаар эх сурвалжууд The New York Times сонинд мэдээлжээ. Өнгөрсөн лхагва гарагт Ерөнхийлөгч Д.Трампын тусгай төлөөлөгч С.Уиткофф Москвад айлчилж, ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путинтай уулзсан юм. 3 цаг үргэлжилсэн тус уулзалтын дараа талууд ямар нэг мэдэгдэл хийгээгүй ч Д. Трамп энэхүү уулзалт үр дүнтэй болсныг онцолсон билээ.
Ерөнхийлөгч Д.Трамп ОХУ-аас энэ сарын 8-ны дотор Украинтай галаа зогсоох гэрээ хийхийг шаардаад байгаа ба уг шаардлагыг нь биелүүлээгүй тохиолдолд ОХУ-тай худалдаа хийдэг орнуудын импортын барааны гаалийн татварыг нэмэгдүүлнэ гэж мэдэгдсэн билээ.






