
Францын өмнөд зүгийн Окситани мужид сүүлийн 80 жилд бүртгэгдээгүй томоохон хэмжээний ой хээрийн түймэр гарсан нь нийслэл Парис хотоос ч том талбайг хамраад байна. 15 мянга гаруй га талбайг хамарч, хурдацтай тархаж буй уг ой хээрийн түймрийн улмаас багадаа 25 байшин шатаж, 1 хүн амь үрэгджээ. Хамарсан газар нутгийн хэмжээгээрээ тус ой хээрийн түймэр нь 1949 онд гарсан түймэртэй дүйцнэ гэдгийг Францын Дотоод хэргийн сайд Бруно Ретайо онцолжээ. Гал сөнөөх албаны хэвлэлийн төлөөлөгч Эрик Брокардигийн мэдээлснээр түймэр 5.5 км/ц хурдтай тархаж байгаа ба түймрийг унтраахаар 2000 орчим гал сөнөөгчид ажиллаж байгаа аж.
Түүнчлэн ой хээрийн түймрийн улмаас 2500 айл өрх цахилгаан эрчим хүчгүй болжээ. Испанид мөн л хэт халалт, хуурайшилттай холбоотойгоор хэд хэдэн ой хээрийн түймэр бүртгэгдээд байна. Өнгөрсөн ням гарагаас хойш тус улсын зарим нутгаар агаарын хэм цельсийн 43 хэмд хүрсэн байна. Португалд 2025 он гарснаас хойш 42 мянга гаруй га талбай ой хээрийн түймэрт өртжээ. Энэ нь өнгөрсөн жилийн мөн үеийнхтэй харьцуулахад 8 дахин их газар нутаг юм. Өнгөрсөн 2 долоо хоногт зарим бүс нутгуудад хэт халалтын үзэгдэл бүртгэгдэж, үүнтэй холбоотойгоор их хэмжээний газар нутаг ой хээрийн түймэрт өртжээ.






