
Дэлхийн аварга шалгаруулах Мас-рестлингийн VII тэмцээнээс Монгол Улсын баг тамирчид алт 5, мөнгө 10, хүрэл 36, нийт 51 медаль хүртэж өндөр амжилт үзүүллээ.
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн ивээл дор Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам, Архангай аймгийн Засаг даргын Тамгын газар, Монголын Мас-рестлингийн спортын холбоо хамтран “Дэлхийн аварга шалгаруулах Мас-рестлингийн VII тэмцээн”-ийг 2025 оны 7 дугаар сарын 31-нээс 8 дугаар сарын 03-ны өдрүүдэд Архангай аймгийн төв дэх “АРА” комплекс болон “АРА” аренад амжилттай зохион байгууллаа.
Тэмцээний нэгдсэн дүнгээр тэргүүн байрт Оросын Холбооны Улс, дэд байрт Бүгд Найрамдах Киргиз Улс, гутгаар байрт Монгол Улсын баг жагсав.
Тэмцээний нээлт, хаалт болон шагнал гардуулах ёслолыг “ТВ-9” телевиз орон даяар шууд дамжуулж, ОХУ-ын “Матч” телевиз тусгай нэвтрүүлэг бэлтгэн хүргэв. Мөн арга хэмжээний хүрээнд “Хүннү хаан” театрчилсан тоглолт, “АРА” урлагийн фестиваль, тоглолтыг зохион байгуулан, Монгол соёл, зан заншил, түүхэн өв уламжлалаа олон улсын зочид төлөөлөгчдөд таниулжээ.






