
АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампын туслах Стивен Миллер Энэтхэг улс Оросын газрын тосыг худалдаж авснаараа ОХУ-ын Украинд явуулж буй дайныг гол санхүүжүүлэгчдийн нэг болж байна хэмээн буруутгажээ.
Тэрбээр, “Ерөнхийлөгч Д. Трамп Энэтхэгт ОХУ-аас газрын тос худалдан авч, ОХУ-ын дайныг санхүүжүүлэх нь зохисгүй гэдгийг маш тодорхой хэлсэн. ОХУ-аас худалдан авч буй газрын тосны хэмжээгээрээ Дели Бээжинтэй бараг тэнцсэн гэдгийг мэдээд хүмүүс үнэхээр цочирдсон.” хэмээн Fox News сувагт өгсөн ярилцлагадаа дурджээ. Вашингтон Делиг ОХУ-аас зэр зэвсэг, эрчим хүчний бүтээгдэхүүн худалдаж авдаг хэмээн буруутган, энэ сарын 1-нээс Энэтхэгийн импортын барааны гаалийн татварыг 25 хувь болгон нэмэгдүүлсэн юм.
Уг шийдвэр гарахаас өмнө Энэтхэгийн газрын тос боловсруулах төрийн өмчит 4 компани ОХУ-ын газрын тосны экспортод хязгаарлалт тогтоогоод байсан ч татварын нэмэгдэл хэрэгжиж эхэлснээс хойш Дели Ерөнхийлөгч Д. Трампын анхааруулгыг үл харгалзан ОХУ-аас газрын тос үргэлжлүүлэн худалдан авсаар байх болно хэмээн мэдэгдсэн юм. Ерөнхийлөгч Д. Трамп энэ сарын 8-ны өдөр гэхэд Москва Киевтэй галаа зогсоох гэрээ хийхгүй бол ОХУ-аас газрын тос худалдан авагч орнуудын импортын бараанд 100 хувийн татвар ноогдуулна хэмээн анхааруулаад байгаа билээ.






