
Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн СЭМҮТ-ийн үйл ажиллагаатай холбоотой асуудлаар ЭМЯ-нд мэдээлэл өглөө.
Тэрбээр “2024 оны 11-р сард СЭМҮТ-ийн төлбөртэй тусламж үйлчилгээний талаар нэгэн иргэн АТГ-т гомдол ирүүлсэн байгаа юм. Үүний ЭМЯ-нд шилжүүлсний дагуу санхүүгийн хяналт шалгалт хийхэд гэмт хэргийн шинжтэй нөхцөл байдал тогтоогдсон тул ЦЕГ-тай хамтарсан санхүүгийн хяналт шалгалтыг 2025.02.25-03.24-ний хооронд хийсэн. Хяналт шалгалтаар дараах зөрчил илэрчээ.
- Төлбөртэй тусламж, үйлчилгээ авсан иргэнд төлбөр төлсөн баримтыг өгдөггүй
- Эрүүл мэндийн данснаас өөр дансанд төлбөр шилжүүлж авсан байна
- Иргэдийг эмнэлэгт хэвтсэн, орны төлбөр төлсөн байхад хэвтээгүй хэмээн бүртгэлийг нь цуцалж, данснаас мөнгийг нь буцааж гаргаж авдаг байжээ. Энэ мөнгөө СЭМҮТ-ийн дарга нар нь дотоод ажилтнуудтайгаа хуйвалдаад бэлнээр гаргаж авдаг. Хувийн данс руу шилжүүлж авдаг нь эхний байдлаар тогтоогдоод Эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байна. Энэ нь таваас дээш жил үргэлжилж байгаа.
Мөн 2025.06.30 болон 2025.07.04-нд нэр бүхий иргэд Эрүүл мэндийн сайд болон АТГ-т хандан СЭМҮТ-ийн удирдлагын үйл ажиллагаа, сонгон шалгаруулалт, эмнэлгийн тусламж үйлчилгээ, “Эрүүл монгол хүн” хөтөлбөрийн хэрэгжилттэй холбоотой гомдол ирүүлсэн. АТГ-аас ЭМЯ руу шилжүүлсэн. Үүний дагуу 2025 оны 07.08-25-ны өдрүүдэд хяналт шалгалт хийхэд дараах зөрчлүүд илрэв.
- “Эрүүл монгол хүн” хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр 1.3 тэрбум төгрөгийг СЭМҮТ-д 2024.04.04-ний өдрөөс шилжүүлсэн ч арга хэмжээний нарийвчилсан төлөвлөгөө батлаагүй. Тэгсэн атлаа “Эрүүл монгол хүн” хөтөлбөрийг хэрэгжүүлэх хүний нөөцийн сонгон шалгаруулалт хийхгүйгээр Сэтгэц, нийгмийн сэргээн засах төвийн ажилтан гэх 14 иргэнтэй СЭМҮТ-ийн захирал хөлсөөр ажиллах гэрээ байгуулсан. Гэвч энэ 14 хүний тав нь сэтгэцийн эмч, сэтгэл судлаач, ес нь зам гүүрний техникч, барилгын инженер, орчуулагч зэрэг мэргэжлийн бус хүмүүс байжээ. Тэдэнд санхүүжилтийн эрх шилжүүлсэн тушаал гарахаас өмнө 1-3 сарын цалинд 70.7 сая төгрөг олгосон байна. Мөн санхүүжилтийн эрх шилжүүлсэн тушаал хүчингүй болсон 2025.06.12-ноос хойш 238 сая төгрөгийн 40 гүйлгээ гаргасан байна.
- Сэтгэц, нийгмийн сэргээн засах төв нь улсын бүртгэлд бүртгэлгүй болох нь тогтоогдсон. Гэвч энэ төвд ажлын байр түрээсэлж өгөхөөр СЭМҮТ-д ажилладаггүй О гэж хүн гэрээ хийсэн.
- Зарим удирдах албан хаагчдыг сонгон шалгаруулалтгүйгээр томилж, 24.9 сая төгрөгийг нэмэгдэл болгож олгожээ.
- Төрийн хэмнэлтийг хуулийг зөрчиж олон зөвлөх ажиллуулж, 22.4 сая төгрөгийг цалин болгож өгчээ.
- Насанд хүрэгчдийн хэвтүүлэн эмчлүүлэх тасагт 10 эмэгтэй, 15 эрэгтэйд нэг суултуур байх стандарттай. Гэвч СЭМҮТ-ийн тасгууд 53 ортой боловч, 53 хүн дундаа нэг суултуур хэрэглэдэг. Заримдаа нэг орон дээр хоёр хүн хэвтрүүлдэг. Зарим тохиолдолд газар хэвтүүлдэг. Мөн тус байгууллагад бэлгийн дарамт байна.
Эцэст нь хэлэхэд 500 сая буюу хагас тэрбум төгрөгийг өвдсөн, эмнэлгээсээ хулгайлсан бүлэг этгээдүүдийг Эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байна. Өнөөдөр СЭМҮТ-ийн удирдлагыг солилоо” хэмээв.






