
Согтуугаар авто тээврийн хэрэгсэл жолоодсон хэргээр шалгагдаж байсан БНСУ-ын алдартай жүжигчин Сон Ён Кю өнөө өглөө машин дотроо нас барсан байдалтай олджээ.
Олон арван уран сайхны болон цуврал кинонуудад тоглож, олон танигдсан тэрээр зургадугаар сарын 19-нд Кёнги мужийн Юнъинь хотод авто тээврийн хэрэгсэл согтуугаар жолоодон явж байгаад саатуулагдсан нь өнгөрсөн сард олон нийтэд ил болсон юм. Түүний цусан дахь спиртийн хэмжээ тухайн үед 0.08 хувиас их байсан аж.
Уг хэрэг ил болсноор Сон Ён Кю цацагдаад удаагүй байгаа кинонууд түүний тоглосон хэсгүүдийг киноноосоо хасна гэж мэдэгджээ. Цагдаа нар 52 настай Сон Ён Кюд гадны нөлөөнөөс болж нас барсан гэх шинж тэмдэг байгаагүй талаар мэдэгдсэн ба түүнд задлан шинжилгээ хийх эсэх талаар гэр бүлийнхэнтэй нь зөвлөлдөж байгаа тухай мэдэгджээ.






