
Монголын ноолуурын салбарыг тэргүүлэгч “Говь” ХК ирэх есдүгээр сарын 8-нд хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурал зарласан байна. Тус компанийн зүгээс ээлжит бус хурал зарлаж буй тогтоолдоо хурлаар компанийн хэлбэрийг өөрчлөх, компанийн дүрмийг шинэчлэн батлах асуудлыг хэлэлцэнэ гэдгийг онцолжээ.
18 жилийн өмнө нээлттэй хувьцаат компани болсон “Говь” компани Гүйцэтгэх захирал Б.Амарсайханы холбогдсон хэргээс болж хаалттай хувьцаат компани болох эсэхээ дээрх хурлаар шийдэхээр төлөвлөж байж болзошгүй байна.
Тус компанийн Гүйцэтгэх захирал Б.Амарсайхан нь “Эрэл”-ийн Эрдэнэбатын хүү Э.Тэмүүжин, УИХ-ын гишүүн асан Ц.Цэрэнпунцагийн хүү Ц. Санжаачойпэл нарын хамтаар долдугаар сарын 19-ний шөнө архи, согтууруулах ундаа болон мансууруулах бодис хэрэглэсэн байхдаа бусдын биед халдаж, ноцтой гэмтэл учруулсан хэрэгт холбогдсон юм. Хууль сахиулагчид хэргийг мөрдөн шалгаж эхлэхээс өмнө Б. Амарсайхан БНСУ руу зугтаж, долдугаар сарын 27-нд эх орондоо ирнэ гэж мэдэгдсэн ч БНСУ-аар дамжин өөр улс руу зугтсан байж болзошгүй нөхцөл байдал тогтоогджээ.
“Говь” ХК удирдах албан тушаалтныхаа холбогдсон уг асуудлаар ямар нэг тайлбар, мэдэгдэл хийгээгүй хэрнээ хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлаа зарласан нь олон нийтийн бухимдлыг төрүүлээд байна.






