
Тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгдэн Говь-Алтай аймгийн Бугат, Есөнбулаг сумдад хэсэгчилсэн хөл хорио тогтоогоод байна.
Тодруулбал Өнөөдөр \2025.8.2\ нд 103 утсанд хандсан иргэнд үзлэг хийхэд тарваган тахлын сэжигтэй тохиолдол хэмээн үзэж Говь-Алтай аймгийн нэгдсэн эмнэлгийн халдвартын тасагт тусгаарлан хариу арга хэмжээ авч ажиллаж байгаа талаар эх сурвалж мэдээлэв.
Тухайн сэжигтэй тохиолдолын хувьд өнгөрөгч долоодугаар сарын 31 нд Говь-Алтай аймгийн Бугат суманд сэвлэг үргээх ёслолд оролцох үедээ тарваганы мах идсэн гэх өгүүлэмжтэй эрүүл мэндийн байгууллагад хандсан байна. Улмаар тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгдсэн даруйд Говь-Алтай аймгийн онцгой комисс яаралтай хуралдаж наймдугаар сарын 2-ний 17:00 цагаас, наймдугаар сарын 5-ны 17:00 цаг хүртэл Бугат сумаас орох, гарах хөдөлгөөнийг хязгаарлаж зах худалдааны төвүүдийн үйл ажиллагааг зогсоож хорио цээрийн дэглэм тогтоогоод байна. Мөн хугацаанд Говь-Алтай аймгийн Есөнбулаг суманд хэсэгчилсэн буюу сэжигтэй тохиолдолын гэр болон ойрын хавьталуудын гэр гэх мэт газруудад хөл хорио тогтоогоод байна.
Тарваган тахлаас урьдчилан сэргийлэхийн тулд дараах зөвлөмжийг дагана уу
Тарваган тахал өвчнөөс урьдчилан сэргийлэхийн тулд бид:
Тарвага агнахгүй байх;
Тарваганы гаралтай түүхий эдийг худалдан авахгүй байх;
Үхсэн болон хөдөлгөөний доголдолтой тарваганд хүрэхгүй байх;
Тарваганы түүхий эд, махыг, хот, суурин газарт тээвэрлэж оруулахгүй байх;
Тарвага болон мэрэгч амьтны бөөснөөс сэргийлэх
Тарваган тахлын дархлаажуулалтад хамрагдах;
Гэрийн тэжээвэр нохойг байнга уяатай байлгах;






