
БНСУ-ын хөлбөмбөгчин, Английн Tottenham Hotspur багийн тоглогч Сон Хён Мин багаасаа гарч буйгаа албан ёсоор зарлажээ.
Энэ сарын 3-нд Премьер лигийн улирлын өмнөх Ази дахь аялан тоглолтын хүрээнд Tottenham Hotspur клуб Newcastle United клубтэй “2025 Coupang Play Series Match 2” тэмцээнд оролцохоор Өмнөд Солонгост өнгөрсөн баасан гарагт хүрэлцэн иржээ.
Тоглолтын өмнөх хэвлэлийн бага хурлын үеэр Tottenham Hotspur клубын ахлагч Сон Хён Мин, “Өглөө эрт энд хүрэлцэн ирсэн та бүхэнд баярлалаа. Түүнчлэн энэхүү тоглолтыг зохион байгуулахад хувь нэмэр оруулсан бүх хүмүүст талархаж байгаагаа илэрхийлье. Тоглогчид маань маш баяртай байгаа, тэмцээн ч бас сайхан болно гэж найдаж байна. Өнөөдөр та бүхэнд хэлэх бас нэг мэдэгдэл байна. Уг мэдэгдлийг хийхэд амаргүй байсныг хэлэх нь зүйтэй байх. Энэ зуны улирлын өмнөх тоглолтуудаа дуусаад миний бие багаасаа гарахаар шийдсэн. Сүүлийн тэмцээндээ хамгийн сайнаараа тоглохыг хичээнэ ээ.” хэмээн мэдэгджээ.
Сон Хён Мин Английн Tottenham Hotspur багт 2015 оны зунаас эхэлж тоглосон юм. Тэрээр багтайгаа сүүлд UEFA Европа лигийн аварга болсон ба “2025 Coupang Play Series Match 2” тэмцээн нь түүний Totteham багийн тоглогчийн хувиар оролцох сүүлчийн тэмцээн болох аж.
Эх сурвалжуудын мэдээлснээр Сон Хён Мин АНУ-ын Хөлбөмбөгийн дээд лигт тоглох хүсэлтэй байгаа аж.
Эх сурвалж: Allkpop






