
ОХУ-ын Аюулгүй байдлын зөвлөлийн даргын орлогч Дмитрий Медведевын өдөөн хатгасан утга бүхий мэдэгдлийн дараа АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп цөмийн хоёр шумбагч онгоцыг зохих бүс нутгуудад байршуулахыг үүрэг буулгажээ.
Д. Медведев ОХУ Иранд цөмийн зэвсэг нийлүүлж болзошгүй талаар дурдаж, Вашингтоны зүгээс ОХУ-аас галаа зогсоохыг шаардаж буй явдлыг буруушаасны дараагаар АНУ-ын Ерөнхийлөгч Д. Трамп ОХУ-ын Аюулгүй байдлын зөвлөлийн орлогч дарга Д. Медведевт үгээ бодож ярихыг зөвлөжээ. Үүний хариуд Д. Медведев ОХУ нь цөмийн зэвсэгтэй улс гэдгийг сануулж, цөмийн зэвсэгтэй улс хоорондын дайн үүсэх эрсдэл бий болсныг дурдсан нь Д. Трампыг дээрх шийдвэрийг гаргахад хүргэжээ.
АНУ-ын төрийн тэргүүн Д. Медведевын мунхаг, өдөөн хатгасан мэдэгдлүүд нь зүгээр ч нэг хоосон үг биш байж магадгүй гэсэн үүднээс цөмийн шумбагч онгоцнуудыг зохих бүсэд байршуулах тушаал өгсөн гэжээ. Тэрээр, “Үг маш хүчтэй, заримдаа урьдчилж таашгүй нөхцөл байдалд ч хүргэдэг. Энэ удаа тийм зүйл болохгүй байх гэж найдъя.” хэмээн өөрийн нийгмийн сүлжээндээ бичжээ.
АНУ нь цөмийн зэвсгээр тоноглогдсон нийт 14 шумбагч онгоцтой бөгөөд шумбагч онгоц бүр 20 гаруй баллистик пуужин тээвэрлэх хүчин чадалтай аж.
Эх сурвалж: Reuters






