
АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп импортын гаалийн татварын шинэ бодлогоо танилцуулсан нь АНУ олон арван жилийн турш хэрэгжүүлж ирсэн чөлөөт худалдааны бодлогоосоо татгалзаж, протекционист эрин үе рүү шилжсэн явдал болж байгааг мэргэжилтнүүд онцолжээ.
Цагаан ордноос мэдээлснээр Д. Трампын засаг захиргаа АНУ-тай худалдаа хийдэг ихэнх орнуудын импортын гаалийн татварыг 10 хувьтай үлдэж, АНУ-д худалдааны алдагдал үүсгэж буй орнуудын импортын гаалийн татварын доод босгыг 15 хувь болгожээ.
Ингэснээр АНУ-тай худалдаа хийдэг 40 орчим улс 15 хувийн импортын гаалийн татвар төлөх юм. Ерөнхийлөгч Д. Трампын зүгээс татварын шинэ бодлогынхоо хүрээнд өнгөрсөн 4-р сард зарласан импортын гаалийн татвараа ихэнх орнуудын хувьд буулгажээ. 10 гаруй улс АНУ-д 15 хувиас дээш татвар төлөхөөр байгаа ба Ерөнхийлөгч Д. Трамп тэдгээр улс орнуудын засгийн газарт импортын гаалийн татвараа нэмэгдүүлж буй тухайгаа захидлаар мэдэгдсэн аж.
Түүнчлэн Д. Трамп Канадын импортын бараанд 35 хувийн татвар ноогдуулахаар болсон ба харин АНУ-Мексик-Канад улсын гуравласан гэрээнд тусгагдсан барааны гаалийн татвар нэмэгдэхгүй гэжээ. Цагаан ордон Камбож улсын импортын барааны гаалийн татварыг анх тогтоосон 49 хувиасаа 19 хувь болгосон явдлыг Камбожийн Ерөнхий сайд Хун Манет Камбожийн ард иргэд, эдийн засгийн хувьд сайн мэдээ хэмээн онцолжээ.
Ерөнхийлөгч Д. Трамп Бруней болон Филиппиний импортын барааны гаалийн татварыг харьцангуй бага тогтоосон нь мөн олны анхаарлыг татаад байна.






