
Нийслэл Улаанбаатар хотоос Германыг зорих нисэх онгоцондоо сууж, бүтэн 7 цаг тасралтгүй үүлэн дундуур тэнгэрт хөөрсөөр, Франкфуртэд газардав. Чийглэг хэрнээ хэт халуун ч биш нэг тийм зөөлөн, дулаан цаг агаар угтав. Тус хотын нисэх буудалд түм түжигнэж, бум бужигнана.
Дэлхийн улс орнуудын олон янзын үндэстэн, угсаатан хүмүүс өөр өөрийн нислэгтээ амжин суухаар өөд уруугүй яаран алхацгаана.
Бид ч бас Франкфуртээс Дюссельдорф хотыг зорьж яваа учраас терминал 2-ыг шууд л чиглэв. Ингээд тус нисэх буудал дээр 6 цаг хүлээсний эцэст хурдны галт тэргээр зорих хотоо чиглэсэн урт аялал эхэлж, 4 цаг гаран явсаар Дюссельдорф хотноо очлоо. Багийн нөхдийн хамтаар Дэлхийн оюутны Универсиад наадмыг албан ёсоор сурвалжлах эрх буюу “мандат”-аа авахаар тус хотыг зорьсон шалтгаан энэ. Уг наадмыг зохион байгуулагч Германы тал мандат олгох ажлыг тасралтгүй зохион байгуулж, өөд уруугүй завгүй гүйлдэн гүйцэтгэсээр л байв.

Бидний очиж байрлах хот нь эцсийн цэг Эссен байсан. Мандатын асуудал шийдэгдсэний дараа тус хот руу зохион байгуулагч нарын автобусаар Эссенийг зорин очиж, буудалдаа орон нутгийн цагаар 23:20-д буудаллаж байрлав. Ингээд л албан томилолтын ажилдаа бид маргаашаас нь орцгоолоо.


Герман улсын хувьд Дэлхийн оюутны Универсиад наадмыг хоёр дахь удаагаа хүлээн авч зохион байгуулсан. Өмнө нь түүх сөхвөл 1989 онд Дуйсбург хотноо Универсиад наадмын зохион байгуулалтын ажлын эхлэлийг тавьж байлаа.
Эрхэм уншигч авхай танд Герман улсыг зорьсон аян замын тэмдэглэлээ өргөн барья.


Цагийн бүсчлэл
Монгол Улсаас Герман улс нь 6 цагийн зөрүүтэй. Тайван амгалан, эерүү зөөлөн олон орны аялагч, жуулчид эцэс төгсгөлгүй холхих тийм л өнгө аястай орон аж.
Газарзүйн байршил
Холбооны Бүгд Найрамдах Герман Улс нь төв Европын улс юм. Умард талаараа Дани, зүүн талаараа Польш, Чех, өмнө талаараа Австри, Швейцар, баруун талаараа Франц, Люксембург, Бельги, Нидерланд улсуудтай хиллэдэг.
Мөн баруун хойд хэсгээрээ Хойд тэнгис, зүүн хойд нутгаараа Балтын тэнгисээр хүрээлүүлдэг. Герман улс нь 357,021 км² нутаг дэвсгэртэй, 2023 оны байдлаар 84,4 сая хүн амаараа Европын Холбооны гишүүд дотор тэргүүлдэг, мөн гадаадын оршин суугчдаараа дэлхийд гуравт ордог.


Германыг тодорхойлох нэрийн хуудас нь “хүчирхэг эдийн засаг”
Герман нь 16 улс нутгаас тогтсон Холбооны бүгд найрамдах парламентын засаглалтай улс юм. Парламент нь Бундестаг юм. Нийслэл бөгөөд хамгийн том хот нь Берлин. Герман улс нь хамгийн өндөр хөгжил, хүчин чадал бүхий аж үйлдвэржсэн орнуудын тоонд ордог бөгөөд АНУ, Япон, Хятадын дараа орох дэлхийд дөрөвт тооцогдох хүчирхэг эдийн засагтай орон юм.
Герман нь НҮБ, НАТО, Их Найм, “G 7” зэрэг байгууллагуудын гишүүн бөгөөд Киотогийн гэрээнд гарын үсэг зурсан. ДНБ нь дэлхийд тавд (худалдан авах чадвараар харьцуулсан), эсвэл гуравт (нэрлэсэн) ордог. Мөн дэлхийн хамгийн том экспортлогч орон юм.
Германы гадаад орнуудад үзүүлэх туслалцаа нь дэлхийд хоёрт ордог бөгөөд цэрэг армийн зарцуулалт нь зургаад орно. Герман нь амьдралын чанар өндөртэй бөгөөд нийгмийн аюулгүй байдлыг хангах нарийн системийг бий болгожээ. Европын үйл ажиллагаанд чухал байр суурь эзэлдэг бөгөөд дэлхийн орнуудтай сайн хамтын ажиллагаатай. Герман нь шинжлэх ухаан, технологийн салбарт тэргүүлэгч орнуудын дунд жагсдаг.
Албан ёсны хэл нь герман, Мөнгөн тэмдэгт нь евро.


Уур амьсгал
Герман улс нь Төв Европын зөөлөн уур амьсгалын бүс, салхины баруун бүсүүдэд бүрэн харьяалагдах бөгөөд Баруун Европын далайн чийглэг уур амьсгал болон Зүүн Европын эх газрын уур амьсгалын бүсүүдийн заагт байдаг.
Мөн тус улсын уур амьсгал нь Атлантын далайн гольф урсгалын нөлөөнд байдгаас шалтгаалан энэ өргөрөгийн дундаж температурын түвшингээс хамаагүй өндөр байна.
Газар нутгийн онцлог
Герман газар нутгийнхаа 52 хувийг хөдөө аж ахуйн зориулалтаар (2009 оны мэдээ) ашиглах бөгөөд харин 29,5 хувийг ой модот газар эзэлнэ. 14 хувийн талбайг суурин болон зам тээврийн хөдөлгөөний зориулалтаар ашиглах ба энэ нь жилээс жилд нэмэгдэж байна. Усны эзлэх талбай 2 хувь, үлдсэн 2,5 хувь бусад талбайд хуваагдах ба ихэнхдээ хамгаалагдсан газар болон ил уурхай байдаг.


Муж улсууд
Холбооны бүтэцтэй Бүгд Найрамдах Холбоо нь нийт 16 гишүүн улсаас бүрдэх бөгөөд орон гэх утгатай Герман хэлний Länder хэмээх үгээр нэрлэгддэг холбооны 16 мужаас бүрдэнэ. Тус бүрдээ үндсэн хуульт, өөртөө засах эрхтэй тул заримдаа муж улс гэж бас нэрлэдэг. Эдгээрээс Бавари, Саксон, Тюринг гурав нь албан ёсоор “чөлөөт улс” (Freistaat) хэмээгддэг бол, Берлин, Хамбург, Бремен гурван хот нь мужийн зэрэглэлтэй болсон тул хот улс гэж хэлэгддэг. Гэхдээ Берлин, Хамбург дангаараа нь хот улсыг бүрдүүлэх бол Чөлөөт Ханзештадт Бремен нь Бремен болон Бхемерхафенаас бүрдэх учир „хоёр-хотуудын-улс“ гэж нэрлэгддэгээрээ онцлог юм.
Хүн амын төвлөрөлт ихтэй газрууд
Германд 79 том хот байдаг бөгөөд 100.000-с дээш оршин суугчтай хотыг том хот хэмээн нэрлэнэ. Үүнээс 14 хот нь 500.000-с дээш оршин суугчтай. Германы томоохон хотууд, түүнээ дагаад хүн амын төвлөрөлт ихтэй газарт баруун урд зүг болон баруун зүгт байна. Энэхүү төвлөрөлт нь Райн мөрний дагуу, төв европын хүн амын бөөгнөрөлтийн төв хэсгийг бүрдүүлэх ба түүнийг хөх гадил хэмээн нэрлэдэг.


Бие засах газраас эхлээд л үнэгүй зүйл гэж үгүй
Энд бүх зүйл нь үнэтэй. Үнэгүй зүйл гэж нэгээхэн ч үгүй. Аа гэхдээ бидний багад эмээ, өвөөгийн ярьдаг байсанчлан бүх зүйл нь Герман чанар.
Метро, нийтийн үйлчилгээний газар ер хаа ч явсан бие засах газрын төлбөр 1 еврогоос эхэлнэ. Зарим газраа 1 евро 50 центийн төлбөртэй газрууд ч бий.
Нэг ёсондоо тэнд хүн цэвэрлэж, ажлаа хийж буй учраас бие засах газарт төлбөрөө төлөөд үйлчлүүлж буй нь хэн хэндээ ч шударга мэт.
За тэгээд л Герман хүнсний чанартай, цэвэр органикийн талаар олон зүйл яриад илүүц биз.


Иргэнээ бодсон зам талбайн зохион байгуулалт
Тэнд нийтийн тээврийн үйлчилгээ, явган хүний зам талбай, дугуйн зам бүгд л цэгцтэй, цэвэрхэн зохион байгуулалтаар шийдчихсэн. Ер тэгээд хаа газар улс оронд хүнээ, нэг ч гэсэн иргэнээ бодсон байх юм даа.
Явган хүний зам талбай зохион байгуулалт сайтайгаас гадна маш өргөн. Тэр дотроо дугуйн замыг нь тусад нь сайтар шийдээд өгчихсөн. Иргэд нь том, багагүй ундаг дугуйгаар тогтмол зорчих юм.
Зам талбай сайтай учраас ядаж л унадаг дугуй унахад эрсдэл багатай, эргээд иргэдийн эрүүл мэндэд эерэг нөлөөтэй.


Нийтийн тээвэр яг цагтаа зогсоол дээрээ ирнэ
Нийтийн тээвэр тэр дотроо богино маршрутын метро болон трамвэй яг л цагтаа буудал дээрээ ирдэг. Метро болон автобусны буудлууд дээрээ ирж буй цагийг зарлан мэдээллэх самбартай. Яг л тэр дагуу самбар дээр заасан цагтаа ирээд зогсоол дээрээ зогсоно. Бүх зүйл нь гайхмаар сайхан зохион байгуулалт өндөртэйгээр шийдвэрлэчихсэн. Хөгжиж буй улс орон ч сайхан юмаа.


Мөн хот дотроо метро асуудалгүй зорчдог бөгөөд тэдгээрийн эргэлт, зөрөлт ягштал цагтаа, иргэдэд төвөг саад учруулалгүй үйлчилдэг аж.
Цагийг хатуу баримталдаг ард түмэн
Германчууд цаг хатуу баримталдаг гэдгээрээ дэлхийд алдартай. Тэд зөвхөн цаг баримтлах төдийгүй бас цагийг яг таг төлөвлөдөг. Германд дэд бүтэц, ялангуяа зам, тээврийн харилцаа маш сайн хөгжсөн. Тийм ч учраас Герман Улс нь Европ дахь олон улсын худалдааны тээвэр, ложистикийн хамгийн том төв, бараа бүтээгдэхүүний дамжин өнгөрөх гол зангилаа цэг болдог.
Үндэсний боловсролын загварыг анхдаа хөгжүүлсэн Герман улс
Нийт ард түмэнд үнэ төлбөргүй суурь боловсрол олгох зорилго бүхий үндэсний боловсролын загвар анх Германд хөгжин бий болжээ. Энд хувийн зарим их сургуулиас бусад төрийн өмчит бага, дунд, ахлах сургууль, их сургууль, мэргэжил олгох сургалт зэрэг нь бүгд үнэ төлбөргүй байдаг.
Германы брэнд “шар айраг”
Дэлхийн шар айрагны хамгийн том баяр болох Oktoberfest, бавар аялгаар „Wiesn“ гэгдэх энэхүү баяр нь жил бүр 9 дүгээр сарын сүүлээс 10 сарын эхэн хүртэл хоёр долоо хоногийн турш өмнөд Германы нэг сая гарсан хүн амтай Мюнхен хотод болдог.


Олон жилийн түүхт үйлдвэр болон хуучны барилга байгууламжид түшиглэн тэмцээнүүд явагдав
Универсиад наадмын тэмцээнүүд нийслэл хот Берлинээс гадна Рейн Рур бүс нутгийн дагуу байрлах хуучны буюу Эссен, Дуйсбург, Хаген, Дюссельдорф, Бохум, Мюлхем зэрэг хотуудад болсон.
Нэг хотоос нөгөө хот руу зорчиход ердөө 35-40 орчим минутыг зарцуулна. Энэ бүхний шийдэл нь нийтийн тээвэр өндөр түвшинд сайтар хөгжсөнд л байгаа юм.


Универсиадын тэмцээн уралдааныг эртний түүхтэй төмрийн болон бусад үйлдвэрийн шав суурийг ашиглан бүтээн байгуулсан цогцолборууд дээр үндэслэн спортын байгууламж болгон зохион байгуулав.


Ер тэгээд анзаараад ажаад байхнээ байгаа зүйл дээрээ уран сэтгэмжээр бодож, сэтгэж, ашиглан тэрхүү том тэмцээнийг хүлээн авч зохион байгуулсан нь бүтээмж өндөртэй басхүү арвич, хямгач, холыг харсан ард түмэн гэдгийг илтгэж байлаа.
Баярлалаа Герман, баяртай Эссен хот.


















