
Монголын Үндэсний Бөхийн Холбоо (МҮБХ)-ноос сар бүрийн эхэнд бөхийн барилдааны хуваарийг танилцуулдаг. Тэгвэл наймдугаар сард албан ёсоор хоёр барилдаан зохион байгуулахаа зарлалаа.
Тодруулбал наймдугаар сарын 2-ны Бямба гараг буюу маргааш 11:00 цагаас Хөлийн голын тохойд (Хонхор) Төмөр замчдын баярын 64 бөхийн барилдаан болно.
Мөн наймдугаар сарын 8-наас 10-ныг дуустал Хүй долоон худагт “Их Хурд-10” наадамд зориулсан 256 бөхийн барилдаан зохион байгуулагдах аж.
Улс болон аймгийн наадамд цол авсан бөхчүүд мялаалга наадмаа хийдэг болоод удаж байгаа билээ.
Одоогийн байдлаар олонд зарлагдсан мялаалга наадмын хуваарийг танилцуулъя.

Тухайлбал Архангай аймгийн төв Цэцэрлэг хотод энэ сарын 3-ны өдөр улсын арслан Р.Пүрэвдагвын Даншгийн Дархан Аварга цолын мялаалга, хүндэтгэлийн барилдаан болно. Тэрбээр 2015 оноос 2018 он хүртэл даншгийн наадамд дөрвөн удаа дараалан түрүүлснээр Даншгийн Дархан Аварга цол авч байв.
Мөн энэ жилийн баяр наадмаар одтой наадсан хонгор нутгийн “Алдартнуудыг алдаршуулах наадам” наймдугаар сарын 13-ны Лхагва гарагт Баянхонгор аймгийн Дуурсахын хөндийд болохоор төлөвлөсөн. Тус аймгаас төрийн наадмын түрүү бөхөөр залуу начин Э.Батмагнай тодорч, азарганы уралдаанд манлай уяач И.Золбоогийн халзан азарга өнгөлж, харваач Б.Батмөнх 40 сумнаас 38 онож, гарамгай мэргэн болсон билээ.
Монгол Улсын 55 дахь арслан Э.Батмагнайд зориулсан хүндэтгэлийн наадмыг түүний төрсөн нутаг Баянхонгор аймгийн Жинст сумынхан наймдугаар сарын 15-нд зохион байгуулахаар болжээ.
Өвөрхангай аймагт энэ сарын 22-ны өдөр шинээр улсын харцага цол хүртсэн О.Наранбаатарт зориулсан Хүндэтгэлийн наадам болох аж.






