
Монгол орны эрс тэс уур амьсгалд тохируулан, сэргээгдэх эрчим хүчээр ажилладаг зөөврийн сууцуудыг дотоодын үйлдвэрүүд үйлдвэрлэж эхэлсэн нь хэрэглэгчдийн сонирхлыг татаж байна. Тухайлбал, Hybrid Heater LLC компанийн зөөврийн сууц нь нарны эрчим хүчийг бүрэн ашиглан гэрэлтүүлэг, халаалт, халуун ус, бохир усны систем зэрэг бүх хэрэглээг цахилгаан сүлжээнээс үл хамааран шийдсэн иж бүрдэл байшин юм.
Бага зардалтай, дулаан алдагдалгүй орон сууц хэрэгтэй байна

Hybrid Heater LLC-ийн гүйцэтгэх захирал Б.Батноров:
“Айл өрхүүдэд хамгийн тав тухтай, бага зардалтай сууц л хэрэгтэй байна. Тогны үнэ нэмэгдсэн энэ үед нарны эрчим хүч ашиглах нь хамгийн оновчтой шийдэл болсон. Бид халаагуурын компани учраас эрчим хүчний хэрэглээний оновчтой шийдлийг өөрсдөө шингээж өгсөн” хэмээн ярив.
Түүний хэлснээр, сууц бүр дулааны алдагдлыг хамгийн бага байхаар инженерчлэгдсэн. Хаалга нь 3 давхар резинтэй, өвлийн зориулалттай термо жийргэвчтэй, 11 см зузаан, 2 түгжээтэй. Харин ханын зузаан нь дотоод хөвөн, шүршдэг хөөсөн дулаалгатай нийлээд 30 см орчим, шал болон таазны дулаалгын давхарга мөн 30 см орчим болжээ.
“Манайхаас гарч буй 25 метр квадрат талбайтай сууц дотроо 4 метр квадрат ариун цэврийн өрөөтэй. Шүршүүр, ухаалаг суултуур, халуун, хүйтэн ус, усны нөөцийн сав, нарны системийн хянагч төхөөрөмжүүд бүгд уг өрөөнд суурилагдсан” гэв.

Нарнаас авсан эрчим хүч өдрийн хэрэглээг бүрэн хангана
Сууц бүр 8 ширхэг нарны тольтой. Нэг толь 415 ваттын чадалтай бөгөөд 8 кВт багтаамжтай батарейд эрчим хүч хуримтлуулна. Батарейгүй үед ч нарны шууд тусгалаар цахилгаан хангамжийг үргэлжлүүлэн хангах боломжтой шийдэлтэй. Цахилгаан халаалт нь 600 ваттын хоёр халаагууртай бөгөөд өрөөнд байрлуулсан термостатаар автоматаар удирдагдана.
Цонхны байрлал, шилний төрөл ч нарны дулааныг дотогш нэвтрүүлэх, дотор дулааныг хадгалах зарчимд суурилсан. Гурван давхар хатаалттай шил, өвлийн нарны тусгалыг дотогш нэвтрүүлж, зарим өдрүүдэд халаагуур ажиллах шаардлагагүй болгодог аж.
Гадна талын өнгө, капсул бүрхүүл нь хөнгөн цагаан материалтай тул олон жил өнгө, чанараа алдахгүй. Материалаас гадна хамгаалалтын систем ч сайтар тооцоолсон хамгийн сүүлийн үеийн инвертор, аянгын газардуулга, автомат хамгаалалттай иж бүрэн систем суурилуулжээ.
“Хотын байр шиг л байна”

Зөөврийн сууцны хэрэглэгч н.Нацагаа:
“Манайх Санзайд байдаг. Цэвдэг ихтэй газар л даа. Тийм ч учраас суурийг нь 5 метр гүн баганаар шийдэж, газраас хөндий тавьсан. Чийг, хүйтэн доороос даахгүй. Барилгын материал нь чанартай, шал, тааз бүгд зузаан, дулаан алдагддаггүй. Угсарч байх үед нь очиж харсан, сэтгэл ханамж маш өндөр байгаа” хэмээн сэтгэгдлээ хуваалцсан юм.
Тэрбээр хэлэхдээ:
“Хотод байгаа юм шиг бүх юм шийдэгдсэн. Халуун, хүйтэн устай, шүршүүртэй, нүхэн жорлонгоосоо ч салсан. Зөөврийн гээд байна, тэгэхээр үйлдвэртээ угсраад бэлэн болчихдог юм байна. Суулгах газраа хэлэхэд л авчраад байршуулж өгсөн” гэж онцолжээ.

Зөөврийн сууцны метр квадрат нь 2 сая 500 мянган төгрөг
Зөөврийн сууц нь 15, 25, 35 метр квадратын сонголттой. Захиалагчдын хэрэгцээнд тулгуурлан дотор зохион байгуулалтыг хийх боломжтой. Үйлдвэрлэлээс хамааран 20 – 25 хоногийн дотор бүрэн угсарч, суурилуулж хүлээлгэж өгдөг. Метр квадратын үнэ нь 2 сая 500 мянган төгрөг бөгөөд хэрэглэгч өөрийн хүсэлтээр ус, бохир, цахилгаан хангамжийн шийдлүүдийг багтаасан иж бүрэн хаус болгон захиалж болох аж.






