
Улаанбурхан өвчин нь уушгины үрэвсэл, тархины үрэвсэл, суулгалт, чихний үрэвсэл гэх мэт олон хүндрэлийг дагуулдаг бөгөөд 1000 тохиолдолд 1-3 хүн нас барах эрсдэлтэй аж. Харин улаанбурханы эсрэг 2 тун вакцин хийлгэсэн хүн 97%, 1 тун вакцин хийлгэсэн хүн 93% хамгаалагдана. Тус вакцин нь халдварлалтаас 100 хувь хамгаалахгүй ч дархлаажуулалтад хамрагдсан тохиолдолд учирч болох эндэгдэл, хүндрэлд өртөх магадлал маш бага байх юм.

Тэгвэл яг ямар төрлийн, хаана баталгаажсан вакцин болохыг Халдварт Өвчин Судлалын Үндэсний Төвийн Нэгжийн дарга Н.Сувдмаагаас тодруулахад:
“Улаанбурханы эсрэг вакциныг манай улс 1973 оноос хойш нэвтрүүлж, вакцинжуулж байгаа. Вакцин үйлдвэрлэлээрээ олон жилийн туршлагатай, чанартай ДЭМБ-ын чанарын хяналт, сертификаттай Энэтхэг улсаас НҮБ-ын Хүүхдийн сангаар дамжуулан манай улс хүлээн авдаг. Одоо манай улс У- дан улаанбурханы эсрэг, УУ- улаан бурхан, улаануудын эсрэг, УГУ- улаанбурхан, гахай хавдар улаануудын эсрэг хавсарсан гэсэн вакцинуудаар дархлаажуулж байна.
Хавсарсан УГУ вакциныг 2009 оноос хойш өнөөг хүртэл хэрэглэж, хатгалт болон 3 амьсгалын халдварт өвчнөөс сэргийлж бна. Улаанбурханы эсрэг дан вакциныг 6-8 сартай хүүхдүүдэд, УУ вакциныг улаанбурхан өвчний батлагдсан тохиолдлын хавьталд болон 16 наснаас дээш насны хүнд, УГУ хавсарсан вакциныг заавал хийх товлолт болон нөхөн дархлаажуулалтыг 15 хүртэлх насанд хийдэг. Мөн улаанбурханы эсрэг вакцинд сайн дураар хамрагдах бүрэн боломжтой” гэв.






