
FISU буюу Олон улсын оюутны спортын холбооноос хоёр жил тутамд зохион байгуулдаг Универсиад наадам албан ёсоор өндөрлөсөн.
2027 онд БНСУ-ын 4 өөр хот мужуудад зохиогдох Универсиад наадмын далбааг гуулин улсын зочид төлөөлөгчид Герман улсаас гардан авлаа. Тус улсын мужийн захирагч, хотын дарга нар Герман улсад хаалтын үйл ажиллагааны үеэр хүрэлцэн ирсэн байв.
33 дахь удаагийн зуны универсиад наадам Өмнөд Солонгосын Чунчеон хотод “Чамтай хамт, зүрх сэтгэлээрээ” гэх уриан дор спортын 15 төрөлд медалийн эздээ тодруулах юм.
БНСУ нь өмнө нь оюутан тамирчдын өвлийн Универсиад наадмыг 1, зуны наадмыг 2 удаа зохион байгуулж байсан туршлагатай орон.
XXXIII наадмыг БНСУ-д 2027 оны наймдугаар сарын 01-12-ны өдрүүдэд болно


Тэмцээн уралдаан зохиогдох хотууд:
- Чунчеонбук
- Даежеон
- Сежон
- Чунчеоннам
Тус улс нь 4 дэх удаагаа Универсиад наадмыг хүлээн авч буй нь энэ юм.







Ингээд Герман улсын “Рейн Рур” бүс нутаг хэмээх 5 өөр хотуудад зохион байгуулсан Универсиад наадмын онцлох мэдээллүүдийг түүвэрлэн бэлтгэснээ хүргэж байна.
“Бүгд нэг” буюу “Бид нэг дэлхийн хүмүүс” утга агуулгын дор 12 хоногийн туршид 102 орны 6233 гаруй тамирчид өрсөлдлөө.
Мөн 2814 нь дасгалжуулагч болон бусад мэргэжилтэн, зочид төлөөлөгчид байв.



“Рейн Рур” бүс нутаг хэмээсний учир:
Рейн болон Рур хэмээх хоёр том мөрөн Герман улсын эртний хотуудын бүс нутгийг хамран урсдаг.
Тиймээс Универсиад наадмын тэмцээн уралдаан тус бүс нутагт оршдог Дуйсбург, Дюссельдорф, Хаген, Бохум, Эссен, Мюлхем гэсэн хотуудад явагдав.



Өчигдөр (2050.07.27) Дэлхийн оюутны Универсиад наадам бамбараа асааж нээсэн Дуйсбург хотноо хаалтаа хийв.
Медалийн чанараар Япон улс тэргүүлж, БНХАУ, АНУ удаах байруудад жагслаа.


28 дээд амжилтыг шинэчлэн тогтоов
Нийт 12 өдрийн туршид спортын 18 төрөлд медалийн эздээ тодруулсан уг наадамд 102 орны 9047 төлөөлөгчид оролцов.
Герман улсад нийт 1970 их дээд сургуулийн эмэгтэй 2974, эрэгтэй 3259 тамирчин зорин ирсэн. Наадмын үеэр дэлхийн Универсиадын 28 дээд амжилтыг шинэчлэн тогтоосон байна. Энэ удаад зохион байгуулагч орны зүгээс хөгжлийн бэрхшээлтэй тамирчдын дунд пара сагсан бөмбөгийн 3х3 төрлийн тэмцээнийг нэмэн оруулж, зохион байгуулсан нь онцлог байв.


Универсиад наадмын бэлгэдэл маскот буюу “Wanda”
2025 оны Дэлхийн Оюутны Универсиад наадмын бэлгэ тэмдэг “Ванда” нь тэмцээн явагдаж буй Райн-Рур бүс нутаг, тэмцээний мөн чанар, наадмыг зохион байгуулахад хувь нэмэр оруулсан бүх хүмүүсийг бэлгэджээ.
Шонхор шувуу нь дэлхийн хамгийн хурдан шувуу бөгөөд Өмнөд туйлаас бүх тивд, байгальд хамгийн их тархсан шувууны төрөл юм.
Шонхор шувуу нь үүрээ хөдөө нутагт ч тэр, хотод ч тэр засдаг байна. ХБНГУ-д шонхор шувуу баруун зүгийн Умард Райн Вестфали муж улсад Райн, Рурын гол мөрний дагуу суурьшин амьдардаг байна.


Сайн дурын ажилтан буюу Волентёр 12 мянга байв
Аливаа тэмцээн уралдаанд Сайн дурын ажилтан буюу волентёрыг бүртгэж, сонгон шалгаруулж авдаг. Тодруулбал, гадны улс орноос ирсэн тамирчин, баг, зочид төлөөлөгч нарт зөв мэдээ мэдээлэл өгөх, тэмцээн уралдааны заал талбай, маршрут, цаашлаад үйл ажиллагааны хүрээнд “Хөтөч”-ийн үүрэг гүйцэтгэнэ гэсэн үг юм.
Тэгвэл өнгөрсөн 2024 оноос “Рейн Рур-2025” Универсиад наадамд ажиллах Сайн дурын ажилтнуудыг сонгон шалгаруулах ажил эхэлжээ. Энэ удаагийн наадамд нийт 12 мянган сайн дурын ажилтан ажиллав.


150 гаруй орны 600 Сэтгүүлч Универсиад наадамд
Аливаа улс оронд томоохон тэмцээн уралдаан хүлээн авч зохион байгуулах нь нэр төрийн хэрэг билээ. Энэ ч утгаараа тухайн Улсад Спорт-Аялал жуулчлалыг хөгжүүлээд зогсохгүй, эдийн засгийн эргэлтэд чухал үр нөлөөтэй байдаг.
Дэлхийн улс орнуудыг Спортын тэмцээнээр дамжуулан сурталчлах, спорт, нийтийн биеийн тамирыг түгээн дэлгэрүүлэх үйлсэд томоохон хувь нэмрээ оруулдаг хүмүүс бол спортын сэтгүүлчид юм.
Иймээс тэмцээнийг зохион байгуулагч орны зүгээс Media Center буюу MPC-д сэтгүүлч, хэвлэл мэдээллийн ажилтнууд байрлан ажил албаа гүйцэтгэх бүх л нөхцөл боломжоор хангаж өгсөн байдаг.
Тухайлбал: Тусгайлан зассан өрөөнд интернэт, лан, сандал ширээнээс гадна кофе, цай, амттан, хөнгөн зууш, ус ундааг хүртэл бэлтгэн тавьдаг.


Медалийн тухайд Герман улсын бүс нутгийн уул уурхайн өв уламжлалаас сэдэвлэн бүтээгдэв
Медалийн өнгөн хэсэгт байгаа таван зураас нь Олон улсын оюутны спортын холбоо (FISU)-гийн Универсиад наадамд нэгдэж, эв нэгдэл, амжилт, хамтын хүсэл тэмүүллийн хүчирхэг бэлгэдэл болох гялалзсан од болон нэгдэж буй 5 тивийн төлөөлллийг илтгэж байгаа юм. Медалийн динамик хэлбэр нь хөдөлгөөн, олон талт байдал, хүсэл мөрөөдлөө биелүүлэхийг эрмэлзэж буй залуу үеийнхний хүсэл эрмэлзлийг илэрхийлж буй.
“Рейн-Рур 2025” наадмын 18 спортын 234 төрөл, зай, жинд медаль гардуулах бөгөөд нийтдээ 2,150 багц медалиар баг, тамирчдыг шагнав. Медаль хүртэх тамирчид нь бүгдээрээ дэлхийн өнцөг булан бүрээс хүрэлцэн ирсэн тамирчдын шударга тоглолт, сахилга бат, шилдэг амжилтын бэлгэдэл болон үлдэнэ.
Медалийн олон өнцөгт захын хэсэг нь ч гүн гүнзгий бэлгэдлийг агуулсан. Энэ нь Герман Улсын тус бүс нутгийн уул уурхайн өв уламжлалаас сэдэвлэн бүтээгдсэн бөгөөд зохион байгуулагч хотуудыг төлөөлсөн зургаан контуртай юм. Дотор хэсэгт нь Рейн Рурын бүс нутаг шиг дулаахан, зочломтгой байдлыг илэрхийлсэн. Урсаж байгаа юм шиг шугамууд нь уул уурхайн овоолго, Рейн мөрний усан замын ландшафтыг санагдуулдаг бол 18 үзүүртэй титэм нь спортын өндөр амжилт, спортын төрлүүдийг илэрхийлж байна.
Монголын тамирчдын ирээдүй өнгөтэй, гэрэлтэй байна


Универсиадын дэвжээнд жүдочдын амжилтыг буухиаг Т.Түмэнжаргал үргэлжлүүлэв
Монголын баг тамирчид 1965 онд Унгар улсын Будапешт хотноо болсон Дэлхийн оюутны Универсиад наадамд хөл тавьж эхэлсэн. Энэ удаагийн Универсиад наадмын жүдо бөхийн татамигаас эрэгтэйчүүдийн 60кг-ийн жинд Т.Түмэнжаргал хүрэл медаль хүртсэн. Монголын баг тамирчид нэг хүрэл медаль зүүснээр 102 орноос 55 дугаар байранд бичигдэв.
Дэлхийн өнцөг булан бүрээс шилдэг тамирчдаа илгээдэг учраас “Бага олимп” ч хэмээн нэрийддэг. Учир нь ирээдүйн олимп, тив дэлхийн аваргууд эндээс л төрөн гардаг.


Усанд сэлэгчид Монгол Улсынхаа рекордыг шинэчлэн тогтоов
Универсиад 1999 оны наадмаас эхлэн жүдо бөхийн төрлөөр Х.Болдбаатар алт, Х.Эрдэнэт-Од хүрэл медаль хүртэн, энэ төрлийн тамирчдынхаа гарааг амжилттай эхлүүлж байсан бол 2003 онд Х.Цагаанбаатар хүрэл медаль, харин 2007 оны наадамд М.Бундмаа алтан медаль хүртсэнээс хойш Монголын жүдочид тус наадамд тасралтгүй оролцож, медалийн буухиагаа 2009-2023 оны наадмуудад үе үеийн оюутан залуус нь таслаагүй үргэлжүүлж авч яван, сайхан амжилтыг үзүүлж яваа.


Энэ удаагийн Оюутны Универсиад наадамд Монгол Улсын усанд сэлэлтийн тамирчид амжилттай оролцож 3 зай, төрөлд Улсынхаа рекорд, амжилтыг шинэчлэн тогтоолоо. Тэмцээн Германы Берлин хотноо 7 өдрийн турш зохион байгуулалт сайтай, сайхан тэмцээн болж өндөрлөсөн.
Монгол Улсын рекордыг шинэчлэн тогтоосон тамирчдын нэрс болон амжилтыг танилцуулъя
- ОУХМастер Б.Энхтамир
200m Freestyle – 1:50.26 National Record
- ОУХМастер У.Бэлгүдэй
100m Butterfly – 58.23 National Record
200m Butterfly – 2:14.73 National Record
Универсиад анхлан хөл тавихдаа “хатуу самар” багуудтай учраа таарсан ч, V байрт шалгарсан “Сагсан бөмбөгчид”


Дэлхийн оюутны Универсиад зуны наадамд сагсан бөмбөгийн 3х3 төрлийн тэмцээнд Монголчууд анхлан хөл тавив. Бохум хотноо явагдсан сагсан бөмбөгийн 3х3 төрөлд дэлхийн шилдгүүд хуран чуулсан байв.
Монголын эрэгтэй баг хэсгийн эхний тоглолтдоо Энэтхэг, мөн Германы багийг хожсон. Тэмцээнийг зохион байгуулагч эзэн орон Германы хүчирхэг багийг хожиж шилдэг найман багийг нэгээр шалгарав. Ингээд Монголын 3х3 сагсан бөмбөгийн оюутны шигшээ баг хасагдах шатанд Чехийн багт 10:21 гэсэн харьцаатай хожигдсоноор тэдний хувьд энэ удаагийн Универсиад наадамд V дугаар байрт бичигдэв.
Волейболын эмэгтэй багуудын тэмцээнд оролцсон Монгол охид дэлхийн шилдэг 16 багаас 11 дүгээр байрт шалгарав






Монголын оюутны шигшээ баг Францын багийг 3:2-оор хожсон юм.
Монголын волейболын оюутны шигшээ багийн эмэгтэй тамирчид 07 сарын 22-ны 17:00 цагаас Герман Улсын Берлин хотноо эхлэсэн Францын багтай хийсэн тоглолт 2 цаг орчим хугацаанд ширүүн өрсөлдөөнтэй өрнөж Монголын баг 3:2 харьцаагаар хожиж, сайхан амжилт гаргалаа.
Монголын шилдэг залуу мастеруудаас бүрдсэн манай баг энэхүү тоглолтын үе тус бүрт доорх амжилтыг үзүүлэв.
- 25: 19
- 20: 25
- 20: 25
- 25: 23
- 15: 12
Энэ тоглолтод Монголын тамирчин Х.Нэргүй 21 оноо авч багаа тэргүүлсэн байна. Харин манай баг Европын өндөр багийн эсрэг багаараа хаалтыг сайн тавьж П.Энххүслэн, Б.Хулан, П.Нэргүй нар тус бүр хаалтаар 3 оноо авсан үзүүлэлтээр бүх тоглогчийг манлайлсан. Түүнчлэн Э.Сүглэгмаа 15, Э.Хүслэн 10 оноо авч довтолгооны гурав жигд тоглолтыг үзүүлсэн нь Монголын багийг хожилд хөтөлсөн.
Ийнхүү Монголын баг сүүлчийн тоглолтоо хийснээр Универсиад 2025 наадмын эмэгтэй волейболын тэмцээнд оролцсон дэлхийн шилдэг 16 багаас 11 дүгээр байрт шалгарлаа.
Монголын баг энэ тэмцээнд зургаан тоглолтыг хийн 3 хожиж, 3 хожигдон 50 хувийн амжилтыг үзүүллээ. Тухайлбал Аргентин, Энэтхэг, Францын багуудыг хожсон. Харин БНХАУ, Герман, АНУ-ын багт хожигдсон юм.
Хаалтын үйл ажиллагаанаас бэлтгэсэн товч мэдээллийн видеог ҮЗЭХ ЛИНК:






