
Камчаткын хойгт байрлах Ключевская Сопка галт уул өнгөрсөн лхагва гарагийн өглөө Номхон далайд болсон хүчтэй газар хөдлөлтийн улмаас дэлбэрчээ. Интерфакс агентлагийн мэдээлснээр галт уул далайн түвшнээс 3 км өндөрт үнсээ хаяжээ.
Лхагва гарагт газар хөдлөлтийн өндөр идэвхтэй Номхон далайн “Галт цагариг” гэгддэг бүсийн дагуу, ОХУ-ын Петропавловск-Камчатский хотын эргээс 120 км зайд 8.8 баллын хүчтэй газар хөдөлсөн ба газар хөдлөлтийн чичирхийлэл Петропавловск-Камчатский хотод 8 баллын хүчтэй, Северо-Курильскд 6 баллын хүчтэй тус тус мэдрэгджээ. Энэ нь 2011 онд Японд болсон 9.1 баллын хүчтэй газар хөдлөлтөөс хойш бүртгэгдсэн хамгийн хүчтэй газар хөдлөлт юм.
Оросын Тэнгис судлалын институт Камчаткын хойгийн эрэг дагуух суурьшлын бүсэд 6 м хүртэлх өндөртэй цунами бүртгэгдсэн болохыг мэдэгджээ. Газар хөдлөлтийн улмаас үүссэн цунами Камчаткын хойг, Сахалин арлын Северо-Курильск хотуудын эрэг дагуу байрлах зогсоолуудыг усанд автуулж, усан онгоц, завинуудыг эрэг рүү шидэж, хэд хэдэн барилга байгууламжуудыг эвдлэн сүйтгэжээ.
Чили улс Номхон далайтай хиллэдэг бүс нутгууддаа сэрэмжлүүлэг гаргаж, олон зуун иргэдийг нүүлгэн шилжүүлж эхэлсэн байна. Чилийн Ерөнхийлөгч Габриэл Борик, “Эхний давлагаа хамгийн хүчтэй нь байдаггүй гэдгийг санах хэрэгтэй.” хэмээн анхааруулжээ. Чилийн эрх баригчид нам доор газар байрлах засан хүмүүжүүлэх ангиудынхаа хоригдлуудыг мөн нүүлгэн шилжүүлсэн байна.
Колумб улс усан тээврийн хөдөлгөөнийг хязгаарлаж, наран шарлагын газруудаа хаасан бол Эквадорын эрх баригчид Галапагос арлууд дээр болон эргийн ойролцоо байрлах сургуулиудын үйл ажиллагааг түр зогсоожээ. Газар хөдлөлтийн голомтоос 9600 км зайд байрлах Шинэ Зеландын эрэг дагуу далайн хүчтэй давлагаанууд бүртгэгдэж, иргэдийг эргээс хол байхыг анхааруулжээ.






