
Хонины бэлчээрээс, камерын дуранд мөрөөдлөө буулгаж суугаа нэгэн залуутай ярилцсан ярилцлагаа хүргэе.

Түүнийг Б.Лхагвасүрэн гэдэг. Харин интернэт орчинд бол “Хоньчин Лхагваа” гэх нэрээр нь илүү танина. Тэрээр багаасаа Gremix шиг youtuber болохыг мөрөөддөг байсан бөгөөд өмнө нь “Лхагваа студи” гэх нэрээр бичлэгүүдээ цахим орчинд түгээж байсан бол “Хоньчин Лхагваа” нэрээрээ бичлэг хийгээд тавхан сарын дотор 100 мянган дагагчтай болсон юм.


Бүдүүн хулсны баавгай агуу луугийн дайчин болж болоод байдаг. Харин би хөдөөгөөс бичлэг хийж болохгүй гэж үү?


Youtube суваг нээх санаа анх яаж төрсөн бэ?
- Цэргээс халагдаад ирээд яг нэг зүйлийг л шийдсэн. “Өөрийнхөө бодож явсан юмаа хийе. Youtube дээр нэг зүйлээ дагнаад, тууштай хийе” гэж. Анх суваг нээхдээ нэрээ юу гэж өгөх вэ гэдэг дээр нэлээн бодсон. “Хөдөөгийн дүү” гэдэг нэр өмнө нь хэрэглэж байсан. “Малчин залуу” гэвэл арай худлаа санагдаад. “Адуучин” гэхээр адуу малладаггүй. “Үхэрчин” гэвэл бас л зохихгүй. Тэгээд багаасаа дассан, хариулсан хонио бодоод “Хоньчин Найдан” гэдэг шиг “Хоньчин Лхагваа” гэж өгсөн.


Камерын өмнө байдаг Лхагваа, гэртээ байдаг Лхагваа хэр өөр вэ?
- Би багаасаа дотогшоо, ер нь ганцаараа, өөрөө өөртэйгөө ярьдаг хүүхэд байсан. Зурагт үзээд хошин шогийн дүрүүдийн дуу хоолойг дуурайдаг, хүүхэлдэйн кино үзээд дууг нь дагаж ярьдаг хүүхэд байсан. Гэрийнхнийхээ хажууд бол намбатай байдаг. Камерын өмнө “За, мэнд сайн байцгаана уу. Энэ удаагийн бичлэгээр ийм юм хийнэ ээ” гэж нам жим ярьдаг. Харин ганцаараа байхдаа бол “Тэгэхээр энэ удаагийн бичлэгээр хэдүүлээ ийм зүйл хийх гэж байна. Бичлэг таалагдсан бол лайк дараарай” гээд л илүү чөлөөтэй болдог.
Цаашид өөрийн мэддэг зүйлээсээ гадна монгол ёс заншлаа илүү судалж хүүхдүүдэд дэлгэрэнгүйгээр хүргэе гэж боддог
Бичлэг хийхээс гадна комик бүтээдэг гэж байсан. Энэ талаараа хуваалцана уу?
- Би 5 настайгаасаа зураг зурах дуртай байсан. Тэр сонирхлоо одоо ч орхиогүй. Цаасан дээр өөрийнхөө комик номоо зурсан. Таб төхөөрөмжтэй болбол анимейшн болгочихно гэж бодож байгаа. Багаасаа л анимейшнтэй холбоотой зүйл хийе гэж мөрөөддөг байсан. Gertoon студид хоёр сар гаран дадлага хийж байлаа. Ах эгч нартайгаа нэг гэр бүл шиг ажиллаад, анимейшн яаж бүтдэг, YouTube хэрхэн хөтлөх гээд олон зүйлийг тэндээс сурсан.


Цэргийн алба таны амьдралд ямар нөлөө үзүүлсэн бэ?
- Цэрэгт явахаасаа өмнө “Очиж амьд эргэж ирэх үү, яах бол” гэж их боддог байсан. Гэхдээ яваад ирсэн. Над шиг хүн яваад ирсэн байхад өөр залуус явахад ямар ч асуудалгүй гэж бодогддог. Цэргийн алба надад их зүйл өгсөн. Би өмнө нь бараг найз нөхөдгүй байсан. Харин цэрэгт очоод олон найзуудтай болсон. Жилийн турш нэг газар, нэг тогооноос хоол иднэ гэдэг чинь өөрөө маш том дурсамж байдаг юм билээ.


Над шиг хүмүүс гэлээ. Та өөрийгөө ер нь хэр голдог вэ?
- Цэрэгт явахаасаа өмнө, ер нь багаасаа л өөрийгөө их голдог байсан. YouTube дээр бичлэг хийж эхэлсэн ч анх их эргэлзсэн. Их үзэлттэй болоход ч “Над шиг амьтан амжилтад хүрэхгүй байх” гэж боддог байлаа. Харин хааяа өөрийгөө голох мэдрэмж төрөх үед хүмүүсийн дэмжсэн сэтгэгдэл, “Гоё шүү” гэсэн үгс их тус болдог. Тэгээд л “Өөрийгөө голох хэрэггүй юм байна” гэж бодож эхэлсэн. Хүн өөрийгөө голж байвал хэзээ ч хүссэн зүйлдээ хүрдэггүй. Харин бусад хүн чамайг голсон ч чи өөрийгөө голохгүй байвал амжилтад хүрэх боломжтой.
Олон дагагчтай болоод хандалт нь ихсэхээр охидууд их холбогдох уу?
- Заримдаа охид “Найзалж болох уу” гээд чат бичдэг. Би ер нь 20 жил амьдрахдаа нэг ч найз охинтой байгаагүй. Эмэгтэй хүнтэй харьцахаар нэг бол ах, эсвэл дүү нь болчихдог. Заримдаа найз нь болчихдог. Чатаар ярьж байгаа охидууд хэцүү шүү дээ. Өмнөговиос нэг охин холбогдоод “Чи говийн хүргэн болно оо. Чамайг зүгээр яасан ийсэн…” гэхэд нь айсан. Ээ бурхан минь гэж бодогдож байсан.


Нэг үе “Shymelle”-ийг крашилдаг гэж бичлэг хийж байсан. Одоо краш хэвээрээ юу?
- 2021 онд анх “Япон snack” гэдэг бичлэгийг нь үзсэн. Тэгээд бусад контентыг нь үзэж эхлээд крашилж эхэлсэн. Киноных нь нээлтэд очиж, уулзаад, бичлэг хийсэн. Тэгээд дараа нь хүүхдүүд “Чи муу Shymelle-ийг крашилдаг хэн бэ?”, “Мишээлд Opononi сайн. Opononi-д зодуулав” гэх мэтээр их шуугьж байсан.Надаас “Краш хэвээрээ юу?” гэж асуувал тийм ээ, хэвээрээ. Үхтэл байх байхаа.


Эх орон гэж таны бодлоор юу вэ?
- Хүмүүс газар нутаггүй бол эх орон байхгүй гэж ярьдаг. Яг үнэндээ тухайн улсын ард иргэд байхгүй бол Монгол улс байхгүй. Зарим эцэг эх “Одоо дагагчтай болчихсон юм чинь бичлэгээ гадаад руу гарга” гэж хэлдэг. Гэхдээ бичлэг гадаад руу гаргалаа гээд Монгол Улсын талаар мэдэхээс биш монгол хүн болчихгүй биз дээ. Газар нутаггүй бол улс байдаггүй гэж ярьдаг. Гэхдээ ард иргэд байхгүй бол улс орон оршихгүй. Хотын зарим хүүхдүүд, эсвэл гадаадад өссөн хүүхдүүд мал мэдэхгүй байхыг хараад “Чи монгол хүн байж мал мэдэхгүй юм уу?” гэж гайхдаг. Эцэг эх нь заагаагүй л бол мэдэхгүй байж болно. Бид ч гэсэн Америкт очоод бүхнийг шууд мэдэхгүй шүү дээ.
Эцэст нь залууст хандаж юу хэлмээр байна вэ?
- Хүссэн, дуртай зүйлээ хийж байгаа бол тууштай байгаарай. Хэдэн ч жил болсон хамаагүй, хэдэн ч удаа алдсан ч хамаагүй. Зүгээр нэг зүйл хийгээд амжилтад хүрнэ гэж битгий бод. Тууштай байж, хичээж байж л амжилтад хүрнэ








