
Хөрөнгийн зах зээл энэ долоо хоногт эрчимтэй өсөлт үзүүлж, S&P 500 болон Nasdaq Composite индексүүд хоёр дахь долоо хоног дараалан дээд түвшинд хүрлээ. Dow Jones 1.26 хувиар нэмэгдэж, S&P MidCap 400 болон Russell 2000 индексүүд мөн 0.9 хувиас дээш өсөлт үзүүлэв.
Энэхүү хөрөнгийн зах зээлийн өсөлтийн гол шалтгаан нь АНУ-аас Япон, Индонез, Филиппин улсуудтай байгуулсан шинэ худалдааны гэрээний тухай мэдээлэл байв. Түүнчлэн Европын бараанд 30 хувийн тариф ногдуулах боломжит хугацаа болох наймдугаар сарын 1-ний өмнө АНУ болон Европын холбооны хэлэлцээр ахицтай явж буй талаарх мэдээ хөрөнгө оруулагчдын итгэлийг нэмэгдүүлээд байна.
Өнгөрсөн долоо хоногт “Magnificent Seven”-ийн хоёр том компани тайлангаа танилцууллаа. Alphabet (Google-ийн толгой компани) 4.38 хувийн өсөлт үзүүлж, таамаглалаас давсан орлого, AI-тай холбоотой эерэг байр суурь нь технологийн салбарын хувьцааны ханшид дэмжлэг үзүүлжээ. Харин Tesla-гийн тайлан хүлээлтээс доогуур гарч, компанийн хувьцааны ханш 4.12 хувиар буурахад хүргэлээ.
Өнгөрсөн долоо хоногт хөрөнгийн зах зээл өсөлттэй байсан ч үл хөдлөх хөрөнгийн салбар суларсан байдалтай байна. Борлуулалт 2.7 хувиар буурч, сарын дундаж 3.93 саяд хүрсэн нь өндөр хүүтэй зээл болон байнгын нийлүүлэлтийн хомсдолтой холбоотой байгаа юм.
ЕВРОПЫН ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛД ХУДАЛДААНЫ ГЭРЭЭНИЙ ХҮЛЭЭЛТ ЭЕРЭГ НӨЛӨӨ ҮЗҮҮЛЭВ
Өнгөрсөн долоо хоног STOXX Europe 600 индекс 0.54 хувиар өссөн нь АНУ- Европын холбоо хоорондын худалдааны гэрээний хүлээлттэй холбоотой байв. Гэхдээ Европын холбоо гэрээ байгуулагдаагүй тохиолдолд хариу тариф ногдуулах боломжтойг анхааруулсан нь тодорхойгүй байдлыг хадгалсаар байгаа юм.
Европын Төв Банк (ECB) 7-р сарын 24-ний хуралдаанаар бодлогын хүүг 2 хувьд тогтвортой хадгалсан нь зах зээлд хүлээгдэж байсан шийдвэр байлаа. ECB-ийн ерөнхийлөгч Кристин Лагард “хүлээж ажиглах” байр суурьтай байгаагаа илэрхийлж, инфляцын 2 хувийн зорилтот түвшин хадгалах, өгөгдөлд суурилсан шийдвэр гаргах зарчмаа бататгасан нь зах зээлд бага зэрэг хатуу байр суурьтай хэмээн хүлээн авсан байна.
Харин Их Британийн эдийн засгийн үзүүлэлтүүд суларч, хөдөлмөрийн зах зээлд дарамт нэмэгдэв. Их Британид 6-р сард жижиглэнгийн худалдаа 0.9 хувиар өссөн ч хүлээлтээс доогуур гарсан бөгөөд 5-р сарын 2.8 хувийн уналтаас сэргэсэн үзүүлэлт байв.
ЯПОН–АНУ-ЫН ХУДАЛДААНЫ ГЭРЭЭ NIKKEI БОЛОН TOPIX ИНДЕКСҮҮДИЙГ ТҮҮХЭН ДЭЭД ТҮВШИНД ХҮРГЭЛЭЭ
Өнгөрсөн долоо хоногт Японы хөрөнгийн зах зээл хүчтэй өсөлт үзүүлж, Nikkei 225 болон TOPIX индексүүд тус бүр 4.1 хувиар нэмэгджээ. Ялангуяа авто үйлдвэрлэлийн салбарын хувьцаанууд АНУ-тай байгуулсан худалдааны гэрээний дараа эрчимтэй өссөн байна. Энэхүү гэрээний хүрээнд Японы АНУ-д экспортлох ихэнх бараанд 15 хувийн тариф ногдуулах болсон нь өмнө нь төлөвлөж байсан 25 хувийн тарифтай харьцуулахад эерэг үр дүн гэж үзэж байгаа юм. Мөн Японы Засгийн газар АНУ-ын салбаруудад 550 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалтыг дэмжихээр болсон бөгөөд Япон улс АНУ гол бараа бүтээгдэхүүнд зах зээлээ нээхээ мэдэгджээ.
Дотоод улс төрийн тогтворгүй байдал нь 10 жилийн хугацаатай Японы Засгийн газрын бондын өгөөжийг 1.53 хувиас 1.59 хувьд хүргэж өсгөсөн байна. Дээд танхимын сонгуульд эрх баригч Либерал Ардчилсан Нам–Комэйто эвсэл олонхын суудлаа алдсаны дараа Ерөнхий сайд Шигэру Ишиба огцрох тухай таамаглал гарсан ч тэрээр худалдааны хэлэлцээр дуусахаас нааш огцрохгүй гэдгээ мэдэгджээ.
Харин эдийн засгийн үзүүлэлтийн хувьд Токио бүсийн үндсэн хэрэглээний үнийн индекс (CPI) 7-р сард жилийн дүнгээр 2.9 хувиар өссөн нь хүлээлтээс бага, өмнөх сарын 3.1 хувиас буурсан үзүүлэлт боловч BoJ-ийн 2 хувийн зорилтот түвшнээс өндөр хэвээр байна. Япон–АНУ-ын худалдааны гэрээ эдийн засгийн тодорхойгүй байдлыг бууруулсан тул BoJ энэ онд дахин хүү өсгөх магадлалтай гэж хөрөнгө оруулагчид үзэж эхэлжээ.
ХУДАЛДААНЫ ХЭЛЭЛЦЭЭРИЙН ХҮЛЭЭЛТ ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛИЙГ ӨСӨЛТӨД ХҮРГЭЛЭЭ
Хятадын хөрөнгийн зах зээл АНУ-тай худалдааны гэрээг сунгах хүлээлтийн улмаас мэдэгдэхүйц өсөлт үзүүллээ. CSI 300 индекс 1.69 хувиар, Shanghai Composite индекс 1.67 хувиар тус тус өссөн нь АНУ-тай худалдааны гэрээг сунгах хүлээлттэй холбоотой байв.
АНУ-ын Сангийн сайд Скотт Бессент Стокгольм хотод Хятадын төлөөлөгчидтэй гурав дахь удаагийн хэлэлцээр хийхээр төлөвлөж байгаа бөгөөд одоогийн худалдааны гэрээ наймдугаар сард дуусахаар байгаа юм. Өмнөх уулзалтууд тавдугаар сард Женевт (тарифын 90 хоногийн түр зогсолт), зургаадугаар сард Лондон хотод (экспортын хязгаарлалтыг харилцан цуцалсан) зохион байгуулагдаж байжээ.
Стокгольмийн уулзалттай холбоотой мэдээлэл нь АНУ–Хятадын харилцаа тогтворжиж магадгүй гэсэн хүлээлт үүсгэж байна. Учир нь гуравдугаар сард Трампын засаг захиргаанаас Хятадын бараанд 145%-ийн тариф ногдуулснаас хойш хоёр талын харилцаа хурцадмал байдалд орсон билээ.






