
Улаанбурхан өвчнөөр өвдөх, эндэх тоо өдөр бүр ихсэж буй. Гэтэл арван мянга хол давсан тус өвчний батлагдсан тохиолдол, өдөр бүр алхдаг гудамж шиг хэвийн зүйл мэт сонстох болж. Уг нь улаанбурхан өвчнөөр арвын арван хүүхэд эндчихээд байхад өөрийн болон өрөөлийн хүүхдийн эрүүл мэндийн төлөө онцгой анхаарал хандуулах цаг болсон байлтай. Иймээс тус өвчний тархалтыг бууруулахад, эрүүл мэндийн байгууллага болоод хувь хүний оролцоо хэр чухал талаар дараах мэдээллийг хүргэж байна.
Нийт батлагдсан тохиолдлын 75,5 хувь нь вакцин хийлгээгүй
Улсын хэмжээнд улаанбурхан өвчний тохиолдол 2025 оны 02 дугаар сарын 18-ны өдөр анхны зөөвөрлөгдсөн тохиолдол бүргэгдэж 2025 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн байдлаар батлагдсан тохиолдол 12969 болсон байна. Батлагдсан тохиолдлын 75,5% нь вакцин хийлгээгүй. Үүнээс 5,9% нь вакцины нас хүрээгүй буюу 9 сар хүрээгүй хүүхдүүд аж.
Улаанбурхан өвчний хүндрэлээр 10 тохиолдол эндсэн
Нийт бүртгэгдсэн тохиолдлоос хүндрэлээр эндсэн 10 тохиолдол 3 сартайгаас 14 насны хүүхдүүд бөгөөд үүнээс 5 тохиолдол вакцины нас болоогүй 9 сар хүртэл настай, мөн 1 тохиолдлоос бусад хүүхдүүд вакцин хийлгээгүй хүүхдүүд байна.
Улаанбурханы эсрэг дархлаажуулалтад хамрагдсанаар одоогийн үр дүн хэрхэн өөрчлөгдөх талаар Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс тодруулбал:
Улаанбурхан өвчин нь уушгины үрэвсэл, тархины үрэвсэл, суулгалт, чихний үрэвсэл гэх мэт олон хүндрэлийг дагуулдаг бөгөөд 1000 тохиолдолд 1-3 хүн нас барах эрсдэлтэй аж. Харин улаанбурханы эсрэг 2 тун вакцин хийлгэсэн хүн 97%, 1 тун вакцин хийлгэсэн хүн 93% хамгаалагдана. Тус вакцин нь халдварлалтаас 100 хувь хамгаалахгүй ч дархлаажуулалтад хамрагдсан тохиолдолд учирч болох эндэгдэл, хүндрэлд өртөх магадлал маш бага байх юм.
2025-2026 оны хичээлийн жилд вакцин хийлгээгүй хүүхэд цэцэрлэг, сургуульдаа хамрагдах боломжгүй


Өнгөрсөн хавар тус өвчнийг зөөвөрлөгдөн орж ирснээс хойш цэцэрлэг сургуулийн үйл ажиллагаа завсардахгүй хэвийн явагдсан бөгөөд энэ нь өвчнийг тараах эрсдэл үүсгэсэн гэж зарим эцэг, эхчүүд үзэж буй талаар бид сурвалжлан хүргэж байсан. Харин зуны гурван сар өнгөрч хэдийн хүүхдүүд олноор бөөгнөрөх хичээлийн шинэ жил тун удахгүй эхлэх гэж буй. Үүнтэй холбогдуулан Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн мэдэгдэл хийж байсан билээ.
Тус мэдэгдэлд:
Дэлхий нийт 62 жилийн өмнө вакцин гаргаж, урьдчилан сэргийлж чаддаг болсон. Манай улс хүүхэд багачуудаа вакцинд өргөнөөр хамруулж, улаанбурхан өвчнийг мартахдаа хүрсэн амжилттай цаг үе бий. Гэвч шинжлэх ухааны ололтоор урьдчилан сэргийлэх ухамсар ухаан дутсаны хор уршгийг өнөөдөр та бид үр хүүхдийнхээ эрүүл мэнд, амь насаар амсаж байна.
10 жилийн өмнө улаанбурхан өвчин хүчтэй дэгдэж, 180 хүүхэд амиа алдаж, вакцины хүчээр давж гарсныг ийм амархан мартах учиргүй.
Өнөөдөр 10 хүүхдийн гурав нь вакцинаа хийлгэсэн байна. Харин халдвар авсан 10 хүүхдийн долоо нь вакцингүй байгааг харьцуулаад бодоорой. Вакцинтай хүүхэд халдвар авах нь ч бага, туссан ч хүндрэлгүй даван гарч байна.
Монгол Улс товлолт вакцинд үнэ төлбөргүй хамруулдаг хуультай. Ирэх намар вакцин хийлгээгүй хүүхэд цэцэрлэг, сургуульдаа сууж чадахгүй болно гэдгийг анхааруулъя.
Вакцины талаар худал мэдэмхийрч бусдын хүүхдийн амь насаар тоглох, үндэсний аюулгүй байдалд ноцтой хохирол учруулагч этгээдийг төрийн хууль дуудаж эхэлсэн гэдгийг мэдэгдье.
Улаанбурхан хүүхдэд илүү хорон өвчин, дархлааны ой санамжийг устгаж өвчлөмтгий болгодог ёрын өвчин. Улаанбурхан тархи хараа, сонсголд хор нөлөө үзүүлдэг муухай өвчин. Улаанбурхан үргүйдэлд хүргэдэг эвгүй өвчих. Таны үр удам тасрах ёсгүй гэж бодож байгаа бол яг одоо хүүхдээ хөтлөөд гараарай, вакциныг нь хийлгээрэй” гэж байсан билээ.


Үүнээс онцолбол “Ирэх намар вакцин хийлгээгүй хүүхэд цэцэрлэг, сургуульдаа сууж чадахгүй болно гэдгийг анхааруулъя” гэдэг өгүүлбэр. Үүнтэй холбогдох ямар арга хэмжээ авч байгаа талаар Нийслэлийн эрүүл мэндийн газрын Нийтийн эрүүл ахуй халдварт өвчний хэлтсийн дарга З.Болормаагаас тодруулахад:
“Хичээл сургууль эхэлж бөөгнөрөл үүсэхээс урьдан нөхөн дархлаажуулалт хийж одоогоор 92 хувьтай үргэлжилж байна.Одоогийн нөхцөл байдалд вакцин эсэргүүцнэ гэдэг нь өөрийн болоод өрөөлийн хүүхдэд аюул учруулж буй хэрэг. Хэрэв вакцинаа хийлгээгүй байж байгаад өвдсөн тохиолдол эрүүл мэндийн байгууллагат л ханддаг шүү дээ. Тэгэхээр асуудал тулгарахад ханддаг газрынхаа өгч буй сэрэмжлүүлэг, урьдчилан сэргийлэх арга замыг хэрэгжүүлэх нь зүйтэй.
Тун удахгүй хичээл сургуулийн үйл ажиллагаа эхэлнэ. Энэ үед улаанбурхан өвчнөөр нэг хүн өвдвөл вакцингүй орчинд 90% нь өвчилдөг.
Тиймээс та бүхэн минь өөрийн хүүхэд болоод халдварын голомтод өртсөн тохиолдолд тохиорох вакцинуудаа өрхийн эмнэлгүүд болон Халдварт өвчин судлалын үндэсний төв дээр очиж хийлгэх боломжтой.
Наадмаар хүртэл дархлаажуулалтын цэгүүдээ иргэдэд илүү ойр болгож ажилласан. “Хаалганаас хаалганд” аяныг зохион байгуулж айлуудын хаалгыг тогшиж хүртэл хүрч ажилласан. Иймээс эрүүл мэндийн байгууллага болоод иргэд хамтарч ажиллах хэрэгтэй байна” гэж хэлсэн юм.
Сүүлийн 5 жилийн дотор улаанбурханы эсрэг вакцинд хамрагдсан бол нэмэлт вакцин хийхгүй
Дархлаажуулалтыг өрхийн эмнэлэгт хийж буйтай холбогдуулан хүн бүр хүссэн цагтаа очин вакциндаа хамрагдах боломжтой эсэх талаар Сүхбаатар дүүргийн 11-р хорооны “Дотны туслагч” өрхийн эмнэлгийн хүүхдийн эмч Ж.Батсумъяагаас тодруулахад:
Улаанбурхан өвчинтэй холбоотойгоор Өрхийн эрүүл мэндийн төвд 9 сараас 15 хүртэлх насны товлолын вакцинд хамрагдаагүй хүүхдүүдийн нөхөн вакциныг өдөр бүр хийж байна. Ажлын 5 өдөр бүх өдрүүдэд задалж байна. Дараагийн дархлаажуулалт нь 6-аас 8 сартай хүүхдүүдэд дан улаанбурхан өвчнөөс сэргийлсэн улаанбурхны нэмэлт дархлаажуулалт, мөн улаанбурхан улаануудын нэмэлт дархлаажуулалт байгаа.
Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс өдөр бүр улаанбурхан өвчнөөр өвчилсөн хүний мэдээ ирдэг. Тэр үед бид судалгаагаа хийгээд гэрээр очиж голомтын дархлаажуулалтыг хийж буй. Өмнө нь улаанбурхан өвчнөөр өвдөж байгаагүй 2023, 2024 оны нэмэлт дархлаажуулалтад хамрагдаагүй, өөрсдөө давхар улаан бурхан өвчнөөс сэргийлэх зорилгоор дархлаажуулалтад хамрагдах хүсэлтэй байвал өрхийн эмнэлэг дээр ирээд улаанбурхан улаануудын эсрэг вакцинд хамрагдаж болно.
2016 оноос хойш health.gov.mn дээр дархлаажуулалтын шивэлт хийгддэг болсон. Тиймээс тухайн оноос өмнө төрсөн, E-Mongolia дээр дархлаажуулалтын мэдээлэл гарч ирэхгүй байгаа бол харьяа Өрхийн эрүүл мэндийн төв дээр очиж нөхөн шивэлт хийлгэж болно.
Хэрэв сүүлийн 5 жилийн дотор хамрагдсан бол нэмэлт вакцин хийхгүй.
Өрхийн эмнэлэгт улаанбурханы эсрэг вакциныг 10 тун хийж байгаа бөгөөд нэг тунг задаллаа гэж бодоход тодорхой хугацаанд үлдсэн вакциныг нь зэрэг хийх хэрэгтэй болдог. Тэгэхээр өдөрт тодорхой заасан хүн ирэхгүй бол үлдсэн тунгууд устгалд ордог. Тиймээс бидэнд өгсөн чиг үүргийн дагуу устгал бага гаргахын тулд тодорхой өдрүүдийг зарлан дархлаажуулалтаа хийж байгаа тул өөрсдийн харьяа дүүргийн өрхийн эмнэлэг рүүгээ холбогдон мэдээллээ аваарай
Улаанбурхан өвчний тохиолдол эндэгдлийн тоог харвал ой ч хүрээгүй нярай, өсвөр насны багачууд их өртөж байна. Иймээс вакцин хийлгэсэн тохиолдолд нярай болон дархлаа султай хүмүүсийг халдвараас хамгаалж, эндэгдэл хүндрэлээс сэргийлэх юм.








