
Urug.mn Герман улсаас мэдээлж байна
Монголын баг тамирчид 1965 онд Унгар улсын Будапешт хотноо болсон Дэлхийн оюутны Универсиад наадамд хөл тавьж эхэлсэн.
Дэлхийн өнцөг булан бүрээс шилдэг тамирчдаа илгээдэг учраас “Бага олимп” ч хэмээн нэрийддэг. Учир нь ирээдүйн олимп, тив дэлхийн аваргууд эндээс л төрөн гардаг.
“Рейн Рур-2025” зуны Универсиад ХХХII наадмын жүдо бөхийн 60кг-ийн жинд хүрэл медаль зүүсэн Түвшинтөрийн Түмэнжаргалтай цөөн хором ярилцлаа.
-Сайн байна уу? Юуны өмнө Универсиад наадмаас Монголчуудын медалийн салхийг хагалж хүрэл медаль хүртсэнд нь баяр хүргэе.
-Баярлалаа. Дэмжиж тусалсан гэр бүл, багш дасгалжуулагч, баг хамт олондоо баярлаж талархсанаа илэрхийлье.
-Хэдэн оноос жүдо бөхийн спортоор хичээллэж эхлэв?
-Би 2014 оноос эхлэн Хэнтий аймагт энэ спортоор хичээллэж эхэлсэн.
-Анхны багш, клубээ танилцуулна уу?
-Анхны багш маань Хэнтий аймгийн дунд сургуулийн Ганзориг багш дээрээ бэлтгэл сургуулилт хийж эхэлсэн.
-Универсиадын наадамд анх удаа оролцож байгаа. Тамирчны хувиар сэтгэгдлээсээ хуваалцана уу?
-Анх удаа дэлхийн шилдэг оюутан тамирчид оролцдог, ийм том тэмцээнээс медаль хүртсэндээ сэтгэл маш их догдолсон. Ёстой уйлах, инээх хоёрын голоор л үнэхээр гоё мөч байсан. Өрсөлдөөн ихтэй гоё тэмцээн болдог юм байна.
-Жүдо бөхөөр хичээллэхэд яг юу нь соронз мэт татдаг вэ? Мэх үү? Тэр өрсөлдөгчөө ялаад авч буй кайф мэдрэмж үү?
-Анх энэ спортод хөл тавих болсон нь манай ах барилддаг байсан. Тэгээд ахыгаа дагаад бэлтгэл сургуулилт хийж үзээд маш гоё санагдсан. Жүдогоор дамжуулан маш олон гоё найз нөхөдтэй болсон.
Тэгээд хүндлэл гэдэг зүйлийг багаас нь суралцсан. Би барилдах маш дуртай, хоббитой байсан учраас л эргэлт, буцалтгүй татагдсан.
-Т.Түмэнжаргал дотоодын чансаа тогтоом “ТОП-6” тэмцээнд өндөр амжилт, үзүүлэлттэй оролцдог. Энэ тэмцээний талаар?
-“ТОП-6” тэмцээн бол жинхэнэ ид өрсөлдөөнийг дотооддоо үзүүлдэг гоё тэмцээн. Энэ ч утгаараа өрсөлдөөн ихтэй болдог. Миний хувьд тэр тэмцээнд дөрвөн удаа оролцож, 1 алт, 1 мөнгө, 2 хүрэл медаль хүртсэн.


-Жүдо бөхийн төрөл маш гоё спорт. Яагаад ч юм бусад спортын төрлүүдээс илүү гоё, бас хүчтэй татдаг гэх юмуу. Тийм ч учраас өдийг хүртэл жүдо бөхийн спортоор тасралтгүй хичээллэж байна.
-Гэр бүлийнхэн нь дэмждэг үү? Хэр түлхэц өгч байна вэ?
-Манай гэр бүлийнхэн маш их дэмждэг. Ээж, ах, эгч, дүү нар дэмжиж тусалдаг. Хамгийн ихээр ойлгож, дэмждэг хүмүүс маань миний гэр бүл. Тиймдээ ч ар талын дэмжлэгтэй учраас л тамирчин бид зөвхөн бэлтгэл сургуулилтдаа анхаарч, амжилт, ялалт үзүүлэхийн төлөө хичээж зүтгэж явдаг даа.


-Би жүдо бөхөөр Өсвөр үеийн Улсын гурван удаагийн аварга, Залуучуудын Улсын аваргын 1 алт, 1 хүрэл медальтай, “ТОП-6” тэмцээнээс 4 медаль, Залуучуудын ДАШТ-ний VII байр, Душанбегийн Гранд слам VII байр, ОХУ-д болсон Олон Улсын цуврал тэмцээнээс мөнгөн медалийг тус тус хүртэж байсан.
-Цаашдын зорилго, мөрөөдөл нь юу вэ?
-Тамирчны замналыг сонгосон учраас цаашдаа олимп, дэлхийн аваргаас медаль зүүхийг зорьж байна. Энэ л миний гол мөрөөдөл байна даа.
Ярилцсанд баярлалаа.
Дашрамд хэлэхэд Универсиад 1999 оны наадмаас эхлэн жүдо бөхийн төрлөөр Х.Болдбаатар алт, Х.Эрдэнэт-Од хүрэл медаль хүртэн, энэ төрлийн тамирчдынхаа гарааг амжилттай эхлүүлж байсан бол 2003 онд Х.Цагаанбаатар хүрэл медаль, харин 2007 оны наадамд М.Бундмаа алтан медаль хүртсэнээс хойш Монголын жүдочид тус наадамд тасралтгүй оролцож, медалийн буухиагаа 2009-2023 оны наадмуудад үе үеийн оюутан залуус нь таслаагүй үргэлжүүлж авч яван, сайхан амжилтыг үзүүлж яваа.








