
ОХУ-ын агаарын тээврийн Northwind Airlines компани Оросын нийслэл Москва хотоос Хойд Солонгосын нийслэл Пхеньян хот хооронд энэ ням гарагаас эхлэн шууд нислэг үйлдэж эхэлнэ.
2022 онд ОХУ Украин руу довтолсноос хойш ОХУ, Хойд Солонгосын харилцаа сайжирч, талууд зэвсэгт хүчний болон эдийн засгийн хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлсэн билээ. Үүнтэй холбоотойгоор талууд өнгөрсөн 6-р сард Москва-Пхеньян хот хоорондын зорчигч тээврийн галт тэрэгний үйлчилгээгээ сэргээсэн юм.
Москвагаас Пхеньян хотыг зорих Northwind Airlines компанийн 440 суудалтай Boeing 777-200ER зорчигч тээврийн онгоц энэ ням гарагийн 19 цагт Шереметьево олон улсын нисэх онгоцны буудлаас хөөрөх аж. Нислэгийн үргэлжлэх хугацаа дунджаар 8 цаг байх ба нислэгийн тасалбарын үнэ нэг талдаа 44 700 рубль буюу 563 ам.доллараас эхлэх аж.
Оросын иргэний нисэхийн Росавиация байгууллага Northwind Airlines компанид Москва, Пхеньян хооронд долоо хоногт 2 удаа нислэг үйлдэхийг зөвшөөрсөн ч Northwind Airlines компани эрэлт хэрэгцээ тогтвортой болох хүртэл сардаа нэг удаа нислэг үйлдэж эхэлнэ гэжээ.
Хоёр улсын нийслэл хот хоорондын нислэгээс гадна Хойд Солонгосын Air Koryo компанийн зорчигч тээврийн онгоц ОХУ-ын алс дорнодын Владивосток хот руу долоо хоногт 3 удаа нисдэг юм.
Эх сурвалж: Reuters






