
Шинжлэх ухааны Science Advance сэтгүүлд өнгөрсөн баасан гарагт нийтлэгдсэн судалгаанд ялааны авгалдай нь эртний хүмүүсийн үндсэн хүнс байсныг тогтоожээ.
Судалгааг удирдсан Пердью их сургуулийн биологийн антропологийн профессорын туслах Мелани Бисли эртний хүмүүс тэр дундаа олон арван мянган жилийн өмнө амьдарч байсан хомосапиенс, неандерталчуудын яснаас олдсон химийн бодис нь эртний хүмүүс ялааны авгалдай иддэг байсныг илтгэж байгааг онцолжээ.
М. Бислитэй уг судалгаан дээр хамтран ажилласан антропологич Жон Спет олон жилийн өмнөөс эртний хүмүүсийн гол хүнс нь муудсан мах, загас зэргээс бүрдэж байсан тухай ярьж ирсэн юм.
Эртний хүмүүсийн хоол хүнсэнд амьтны мах ямар байр суурийг эзэлдэг байсныг тодорхойлохын тулд эрдэмтэд олон мянган жилийн өмнө өөд болсон эртний хүмүүсийн шүд болон ясанд байх олон төрлийн изотопууд тэр дундаа азот, нүүрстөрөгч зэрэг бодисуудыг судалжээ.
Эрдэмтэд анх 1990-ээд онд Хойд Европоос олдсон неандертали хүний ясан дахь азот-15 изотоп хэвийн хэмжээнээс их байгаа нь эртний хүмүүсийн махны хэрэглээ арслан, чоно зэрэг махчин амьтдынхтай адил байсныг тогтоож байжээ.
Гэтэл орчин үеийн хүмүүс махчин амьтадтай адил их хэмжээний мах идэж шингээж чадахгүй бөгөөд хэтэрхий их мах идсэнээр элэг нь их хэмжээний уургийг задалж, илүүдэл азотыг бие махбодоос гаргаж чадалгүйгээр хордлогод орох юм.
Муудсан мах нь шинэ махнаас илүү азот агуулах ба эртний хүмүүсийн шүд, яснаас азот ихээр илэрсэн нь ч үүнтэй холбоотой аж.
Түүхий махан дахь азотын хэмжээ цаг хугацаа өнгөрөхийн хэрээр нэмэгддэг ч ялааны авгалдайд бүр ч их азот агуулагддаг нь эртний хүмүүс өдөр тутамдаа ялааны авгалдайд баригдсан муудсан мах иддэг байсан байх өндөр магадлалтайг М. Бисли судалгаандаа онцолжээ.
Эх сурвалж: CNN






