
Герман улсын Рейн-Рур бүс нутагт дэлхийн оюутан залуус зуны “Универсиад” наадам ес дэх өдрөө үргэлжлэн явагдаж байна. “Бид нэг” уриатай 113 орны оюутан залуус өрсөлдөж буй “Универсиад” наадам долоодугаар сарын 27-д өндөрлөнө. Монгол Улсын оюутны шигшээ баг энэ удаа спортын есөн төрөлд өрсөлдөж байгаагаас жүдо бөхийн оюутны багаас анхны хүрэл медалийг авлаа. Ингэснээр манай баг тамирчид медаль хүртсэн орны тоонд багтсан юм. Монголын багийн тэмцээний мэдээллийг тоймлон хүргэе.
3Х3 САГСАН БӨМБӨГИЙН ШИГШЭЭ БАГ V БАЙРТ БИЧИГДЛЭЭ
Монголын оюутны 3х3 сагсан бөмбөгийн шигшээ баг энэ удаа эрэгтэй, эмэгтэй багаар оролцлоо. Гавьяат дасгалжуулагч С.Тулгын удирдлагад оролцсон эрэгтэй баг шилдэг наймд үлдсэн амжилтыг үзүүлэв.
Монголын 3х3 оюутны эрэгтэй баг “D” хэсэгт Герман, Энэтхэгийн багуудыг дараалан хожиж шилдэг наймд үлдлээ. Манай сагсчид Энэтхэгийг 21-19, Германы багийг 21-13 онооны харьцаагаар хожиж “Универсиад” наадамд хоёр ялалт авсан юм. Харин хасагдах шатны тоглолтод Чехийн багт ялагдсанаар тэмцээнээ дуусгасан.
Монголын оюутны эрэгтэй баг “Универсиад” наадамд оролцохдоо АНУ, Франц, Латви, Чех, Польш, Герман, Итали зэрэг улсын хамт шилдэг наймд багтаж чадлаа.
Универсиад наадамд Монгол Улсын шигшээ баг анх удаа сагсан бөмбөгийн 3х3 төрлөөр оролцож өрсөлдсөн нь онцлог байв.

МОНГОЛЫН ОЮУТНЫ ВОЛЕЙБОЛЫН БАГ ГУРВАН ХОЖИЛТОЙ
Берлин хотод болсон волейболын тэмцээнд Монголын эмэгтэй баг өндөр амжилттай тоглож, 16 багаас 11-р байрт шалгарсан амжилтыг үзүүллээ. Аргентин, Энэтхэг, Францын багийг хожсон Монголын оюутны баг “Универсиад” наадамд нэгэн шинэ амжилтыг бичлээ.
Монголын баг Аргентин, Энэтхэгийн багийг 3:1-ээр, Францыг 3:2-оор хожсон юм. Эмэгтэй багуудаас Италийн баг аваргын алтан медалийн эзэд болсон бол Япон мөнгө, Бразилын баг хүрэл медалийг хүртжээ. Харин тэмцээнийг зохион байгуулагч Германы баг дөрөвдүгээр байрт орсон байна.
Монголын оюутны багийн бүрэлдэхүүнд Э.Сүглэгмаа, Б.Хулан, Д.Намжилмаа, Х.Нэргүй, Ж.Баянжаргал, Х.Өэлүн, Ц.Анармаа, Э.Хулан, Э.Хүслэн, Д.Анужин болон П.Энххүслэн, Г.Хонгоржин нарын тамирчид багтжээ. Энэ удаагийн багийн бүрэлдэхүүнийг “Энагурэ” багийн бүрэлдэхүүн дээр тулгуурлан бүрдүүлэхдээ гурван ялалттай дуусгалаа. Тус багийн эзнээр Жан Жи Хун ажилладаг. Тэрээр Монгол Улсад волейболын спортыг хөгжүүлэхээр 10 гаруй жил ажиллаж, “Энагурэ” багийн үндэс суурийг тавин үргэлжлүүлж байна.
Монголын волейболын оюутны шигшээ багийн дасгалжуулагч Б.Хэрлэн: Дэлхийн оюутны Универсиад наадам бол Монголын волейболчдын хувьд олимп л гэсэн үг. Бид амжилтаа энд маш сайн бичиж чадлаа. Монголын волейболын амжилт Универсиадад том өрсөлдөөнтэй байж чадлаа.


ШИРЭЭНИЙ ТЕННИСНИЙ ТАМИРЧИД БРАЗИЛ, КАНАД, ИРЛАНДЫН ТАМИРЧДЫГ ХОЖЛОО
Монголын оюутны ширээний теннисний баг энэ удаа бүтэн багаараа оролцлоо. Эрэгтэйчүүдээс М.Манлайжаргал, М.Энхмэнд, М.Тэмүүлэн, эмэгтэйчүүдээс Б.Эгшиглэн, Э.Намуунбайгаль, Б.Болор-Эрдэнэ нарын шилдэг тамирчид багийн бүрэлдэхүүнд багтсан.
Манай тамирчдаас “Токио 2020” зуны олимпын наадамд оролцсон Б.Болор-Эрдэнэ нарын туршлагатай тамирчид энэ удаагийн наадамд өрсөлдөж, олон хожил авлаа.
Манай теннисчид Австрали, Зимбабве, Канад, Ирланд зэрэг орны тамирчдыг хэсгийн тоглолтод хожсон. Мөн М.Тэмүүлэн Колумбын тамирчин Ян Урибэд 2-3-аар, эмэгтэйчүүдээс Ө.Балжинянм АНУ-ын тамирчин Ван Анастасиад 2-3-аар ялагдсан ч дэлхийн шилдэг тамирчидтай тэнцүүхэн тоглолтыг хийлээ. Тэдэнд олон тоглолтын хожил ойр байлаа.
Ширээний теннисний оюутны шигшээ багийн дасгалжуулагч Б.Цэрэнтогтох энэ удаагийн тэмцээнийг дүгнэхдээ “Тамирчид маань маш сайн тоглолоо. Бидний түвшин ахисан байна. Бид дэлхийн олон орны тамирчдыг хожиж чадлаа” гэж хэллээ.


УСАНД СЭЛЭЛТИЙН ТАМИРЧИД УЛСЫН РЕКОРДЫГ ШИНЭЧЛЭН ТОГТООЛОО
“Рейн-Рур 2025” наадамд оролцсон Монголын оюутны усанд сэлэлтийн баг тамирчид улсынхаа рекордыг шинэчлэн тогтоосон олон амжилтыг гарсан. Тодруулбал, ОУХМастер Б.Энхтамир эрэгтэйчүүдийн 200 м өврөөр даллах сэлэлтийн төрөлд 1:50.26 амжилтаар 50м бассейны Монгол Улсын рекорд амжилтыг шинэчлэн тогтоолоо. Мөн ОУХМастер У.Бэлгүдэй эрэгтэйчүүдийн 200м далайн гахай сэлэлтийн төрөлд 2:14.73 амжилтыг үзүүлэн 50м бассейны улсынхаа амжилтыг шинэчилсэн. Энэ наадамд онцгой байсан У.Бэлгүдэй 100м далайн гахай сэлэлтийн төрөлд 58.23 секундын амжилтыг үзүүлэн 2015 оноос хойш 10 жил эвдэгдээгүй байсан Монгол Улсын рекорд амжилтыг шинэчлэн тогтоолоо.
“Рейн Рур-2025” дэлхийн оюутны спортын “Универсиад” наадамд Монгол Улсын таеквондо, байт харваа, туялзуур сэлэмний баг тамирчид амжилттай оролцож, олон ялалтыг авсан юм.


ЖҮДО БӨХИЙН ТАМИРЧИН Т.ТҮМЭНЖАРГАЛ ХҮРЭЛ МЕДАЛЬ ХҮРТЭЖ, МОНГОЛЫН БАГ МЕДАЛЬ ХҮРТСЭН ОРНЫ ТООНД БАГТЛАА
“Универсиад” XXXII наадмын Монголын багийн медалийн буухиаг жүдо бөхийн тамирчин Т.Түмэнжаргал эхлүүллээ.
Эрэгтэйчүүдийн -60 кг-ын жинд Т.Түмэнжаргал эхний тойрогт хийлж, Энэтхэгийн Л. Люку, Узбекстаны жүдоч И. Анваржон нарыг дараалан ялсан. Тэрээр бол Испанийн жүдоч Луис Барросо Лопезд ялагдсан ч Унгарын тамирчин Давид Нажиг ялснаар “Универсиад” наадмын медалийн тавцанд зогссон юм. Монголын багийн анхны медалиа авч медаль хүртсэн орны тоонд албан ёсоор багтлаа.


“Рейн Рур-2025” наадамд 113 орны оюутан залуус өрсөлдөж байгаагаас 50 орон ямар нэгэн медаль хүртээд байна. Монгол Улсын оюутны баг тамирчид жүдо бөхийн нэг хүрэл медальтайгаар жагсаалтын 48-д эрэмбэлэгдэж байгаа. Өнөөдөр, маргааш үлдсэн тэмцээн болж, Универсиад наадам хаалтаа хийх юм.
Одоогоор наадмыг АНУ-ын баг 28 алт, 20 мөнгө, 25 хүрэл, нийт 73 медаль хүртсэн амжилтаар тэргүүлсэн хэвээр байгаа бол БНХАУ /21+21+7/, Япон /15+9+16/, БНСУ /14+7+21/, Итали /10+7+17/, Герман /7+8+13/ улсын баг тамирчид эхний байрт жагсаж байна. 33 орон алтан медаль хүртсэн бол Колумб, Мексик, Монгол, Норвеги, Словак улс нэг хүрэл медальтайгаар тэмцээнээ үргэлжүүлж байна.






